ҮЙМЭХ ЦАСНЫ ГЭГЭЭ ШИГ ИРЖ БУЙ ХАВАР ЦАГ...

973

ҮЙМЭХ ЦАСНЫ ГЭГЭЭ ШИГ ИРЖ БУЙ ХАВАР ЦАГ...Бичсэн шүлэг шигээ гэгээн, жинхэнэ найрагчийн амьдралаар аж төрсөн шүлэгчдийн тухай бус усны толин гадаргуу адил шүлгийн тухай ярих нь зүй ёсны хэрэг мэт санагдана. Тэгээд ч жинхэнэ уран зохиолд зохиогчийн оролцоо байдаггүй. Харагдах байдал, өөрийн үзэмжээр хэлбэрдэх, нийгэмд бухимдсан плюраль шинжтэй бус дуу хоолойгоо бүтээлдээ зориудаар тусгана гэдэг уран зохиолыг бурантагласан хэрэг.

"Хүмүүст өөрийгөө бус хүмүүсийг үзүүл” гэж А.П.Чехов өгүүлсэн байдаг. Ер нь яруу найрагчид яруу найргийг бус яруу найраг яруу найрагчдыг бүтээн туурвиж байдаг ч юм билүү. Шинэ шүүмжлэгчдийн онолоор бол ертөнц эмх цэгцгүйн дунд л мөн чанараа хадгалан оршиж байдаг шүү дээ. Шүлгийн цаад мөн чанараас уншигчдын ухамсарт зохиогчийн дүр бууж байх ёстой юм шиг тийм л зүйлийг яруу найраг биднээс шаарддаг. Тэр дүр нь өөрийгөө эрж хайсны эцэст олсон жинхэнэ дүр, явах ёстой зам мөр нь байдаг.  Энэ л мөрийг  хаврын гэгээн өглөө анзаарамгүй, энгийн зүйлээс олоод харчихсан Л.Энх-Амгалан найрагчийн 

"...Хаврын аяст согтоод

Тэнэмэл гөлөгний мөр

Шүлэг мэт харагдмуу...” 

гэх шүлгийн тунгалагт согтоод, ирж буй хаврын нууцсын тухай энэ жижигхэн хөх номноос ихийг мэдэж авах юм шиг санагдав.

"Хөх зул” нэрнээс л сонжихуйд бидэнд сонстдог шувуудын цолгиун жиргээ, урин салхины сэвшээ, төлийн дуу, ус мөрний харгианаас илүүтэй хавар цагийн нууцлаг, өнгөөр төсөөлөн бодвол цэнхэр аялгуу дуурьсах шиг болно. Зулын гэрэл улбар шаргал өнгөтэй байдаг бус уу. Харин ирж буй хавар цагийн эхэнд сөхөн уншсан эл номын сэтгэлд минь асаасан зул хөх өнгөтэй байх нь зайлшгүй хэрэг мэт санагдана. Магадгүй тэртээ 1994 оны хаврын эхэн сард л энэ ном мэндэлсэн бизээ гэж бодохуй ясандаа хоригдсон зүрхний минь хэмнэлтэй холилдон өнөөх цэнхэр аялгуу цээжин дотуур дуурьссаар байх авай.

"...Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа

Хэл сураггүй халихад минь

Хэзээ хойно үгүйлэхгүй

Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа.” ("Баллад” 47, 48-р тал)

гэсэн мөрүүдийг уншаад доктор С.Энхбаяр яруу найрагч Ц.Хулангийн шүлгийг дахин давтан уншиж "Энд цаг зогсож орон зай утгаа алдана” гэсэн шиг уулга алдан байхуй дор "үймэх цасны гэгээнд” хорвоогийн сайн, муу олон явдал мартагдаж, түмэн бодисын тухай умартаж, мутар минь үл мэдрэгдэн, мэлмий минь харанхуйлж гагцхүү цав цагаан орон зайн өнгийг ялган таних шиг болоод хэнийг ч үгүйлэхгүй, хэнд ч үл үгүйлэгдэх нь хичнээн сайхны тухай бодож, цасны зурвасхан гэрлээс дахин төрөх эсхүл өндөр хөх огторгуйгаас бууж ирсэн мөрөөр нь дамжин бурханд дөтөлж явах шиг санагдахуйд эрт эдүгээ, одоо, ирээдүй, орших, эс оршихуй, мухар сүсэг, хий биеийн тухай бодлууд цасны гэгээнд үл байж чадаад чинадын чинад руу нисэн одмой.

Үхэх, үхэл, амь тавих, тэнгэрт дэвших гэсэн үгстэй мөрүүд шүлэгт нь зонхирсон байвал ихэнх уншигчид "хар бараан шүлэгтэй” гэх тодорхойлолт өгөөд "гэгээн сайхан зүйлсийг дуулахад яана” хэмээн хий хоосноор халаглаж, цэцэлцгээдэг. Гэтэл "үхэх” гэдэг үгийг "төрөх” хэмээх үгийн утга санаанд бүрнээ уусан шингэтэл бичиж чадсан найрагчийн зүрх сэтгэл юутай ариун, юутай гэгээн амой. "Үймэх цасны гэгээнд, Үхэх гэдэг ариусах адил” гэдэг мөрүүд бол ертөнцөд эн тэнцүү орших сайхан, муухай зүйлсийн бүхий л нууцыг таньж мэдээд, ариусах, гэгээрэх үйл нь орон зайн хаана ч оршиж болдогийг тайлж чадсан гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл, уй гансралтай хүмүүний дуун алдалт ажаамуй.

Үхэх гэдэг ариусахын адил зөн сэрэл, мэдрэмжийг тээж байдаг ч байгалын үзэгдэл, тэр дундаа цас хүний оршихуйг хэрхэн тодотгож байна вэ? Яруу найрагч Г.Бадамсамбуугийн "Амьдрал үхлийн хооронд, алив бүхэн унамуй... Цас унамуй...” гэсэн мөрүүд ч бидний оршихуй хийгээд цасны гэгээнд л ариусах ертөнцийн цорын ганц томьёолол шиг санагдана. Цасны гэгээнд, тэр тусмаа зөөлөн будрах бус үймрэлдэн, бужигналдан унаж буй цасны гэгээнд "үхэх гэдэг ариусах адил” гэсэн зэн буддизмын гүн утгыг тайлсан,  түүнд чин үнэнчээр бишрэн шүтэгчдийн оюунт сэтгэхүйгээс булгийн урсгал шиг ундран гармаар мөрүүдийг ирж буй хавар цагийн гэгээн дор уншин одох зүгээ олоод "Хөх зул” номын хуудсыг цааш сөхвөл

"Миний гуниг мэт

Дуугүй цасан гулсаад

Миний одох цаг

Дуулсан дуу шиг санагдана” /"***Миний гуниг мэт” 38-р тал/ гэсэн байх авай.

"Миний гуниг мэт, дуугүй цасан гулсаад” хэмээсэн боловч эл мөрүүдэд эмзэглэсэн, гунихарсан, цөхөрсөн зовлонт хүмүүний дуу эгшиглэсэнгүй. Гагцхүү сайн сайхны зүг одох цаг, зам мөр тодорхой ажгуу. Дуугүй цасан гээд хэлчихээр цасанд дуу байдаг мэт, гагцхүү өөрийнх нь дотор орших ариун уйтгарыг сонссон цас л дуу үл гарган аяар аярхан будрах мэт, цасны гэгээнд үхэх тухай бодлыг эндээс л тээж олоод ариусах зүг нь дуу шиг гэгээтэй мэт, гэгээ туссан зүгт одох нь ариусах мэт, ариусах нь шүлэг бичих мэт, эцэстээ бичсэн шүлгүүд нь ариун тунгалаг байдаг мэт ээ.

Тийм л ариун шүлгүүдийн тухай зайлшгүй ярих ёстой. Тухайлбал

"Нимгэн даашинзны хормой дэрвэхэд

Нилмэгэр салхин ичингүйрэн догдлох шиг

Бэхсийн үнэрийг хүсэх цаас мэт

Бэлхүүс нарийхан охидыг ерөөнө, би” / "Хаврын таталбаруудаас” 7-р тал/ гэж ариун үнэний дуулал цааш үргэлжилнэ.

Энэ шүлгийг уншаад охидын сайхан, даашинзны хормойн цаанаас гэрэлтэх хүсэл, шуналын тухай ярих нь нэн зохисгүй. Харин ирж буй цагийн сэтгэлд асаасан тунгалаг агаарыг цээж дүүртэл залгилан өөрийн эрхгүй дэвтэр минь бэх хүсэж байгааг мэдрэх шиг болмуй. Хавар цаг ямагт хүний сэтгэл, зүрхийг догдлуулагч улирал. Гөлөглөж буй моддын нахиа, голын тунгалаг урсгалаар л гоо сайхан хэмжигдэх бус ирж буй урин цагийн эхлэл болдгоороо яруу найрагчдад гойд мэдрэмж төрүүлдэг биз. Тэр л мэдрэмж нь цаас бэхсийн үнэр хүсэх мэт шүлэгчээс бэлхүүс нарийн охидын сайхан шиг гэгээн мөрүүдийг нэхдэг буй за. Ийн бичигдсэн мөрүүдээ ерөөж буй найрагчийн сэтгэлийг юутай орлуулж, зүйрлэлтэй билээ. Аж төрөхөд үзэх, эс үзэгдэх, учрах, эс учрахуйн олон гайхамшигт явдлуудын алийг нь ч дурьдаж баршгүй бөгөөд тэр л сайхны нэг нь эл мөрүүдийг ирж буй хаврын тунгалаг үдшээр уншин суугаа минь болов уу гэж мунхаглан сэтгэнэ.

"Парисийн гудамжнаас

Яруу найрагч ширтэх вий гэж

Францын тэнгэрт одод яралзахаасаа

Яруухан үдэш бүхэн яавч ичдэг байх...” /”Шазруун шүлэгч Вийонд” 39-р тал/

 мөрүүдээс яруу найрагч хүний дотор дүрэлзэн асах омголон сэтгэл, бардам байдал, гэгээ цацрах агшин бүрийн утгыг тайлж болмоор.

Яруу найрагчийн мэлмийгээс байгалийн туйлын гоо сайхан, яруу тансаг бүхэн ичдэг байх нь /энд дан ганц байгалиар төсөөлүүлэн бодож үл болно/ гэсэн утга санаа үнэхээр л ариусал юм. Магадгүй үдэш бүр өөрийн нууц, хөг аялгуутай. Монголын их талд өглөөний нар мандаж, оройн нар жаргахдаа сүрлэг бишрэм гоо үзэсгэлэнгээ яруу найрагчийн мэлмийнээс нууж ядахдаа л тэнгэрийн хаяа барааддаг болов уу гэмээр. Яруу найрагчийн зүрхийг хөглөх байгалийн үзэгдэлд эсрэгцэл гаргаж байгалийн үзэгдэл, сүрлэг гоо сайхан, найрагчийн тунгалаг мэлмийнээс ичиж байдаг гэх өөр өнцөгийг олж дүрслэлээ орон зайн хэлбэрт үл баригдан шүлэглэж чадсан нь үгийн урлагийн гайхамшгийг үзүүлсэн хэрэг бөгөөд нөгөө талаар доктор С.Энхбаярын "Ухамсар оюун санаа, сэтгэхүйн хамгийн ойрын шууд тусгал, дамжиггүй бодит байдал болох хэл нь хамгийн хаос, иррациналь, шугаман бус шинжтэй зүйл бөгөөд гайхалтай фрактал бүтэцтэй байдаг” хэмээсний томоохон жишээ нь энэ юм.

Эндээс л зохиолчийн хаос сэтгэлгээ, цахим хуудасны усан шүлгүүдэд автан түүгээрээ яруу найргийг хэмждэг уншигчдийн үл ойлгох мэдрэмж хийгээд жинхэнэ шүлгийн утга тодрон гарна. 

"Чулуу ёолов уу? гэлтэй

Царцаа дуугарахад

Тэрэгний арал чихарч

Тэнд намар цаг уйлагнана” / "Хөх зул” 34, 35-р тал/ 

Нүүдэлчдийн ахуйд өдөр бүр тохиолдох нэгэн хэмийн аялгуу тал нутаг, ой тайга, говийн гоёо, заш бүрээс цуурайтсаар. Гагцхүү тэр цуурай альхан улирлын эмзэглэл, баяр хөөр болохыг яруу найрагчид л ойлгож сонсдог ажгуу. Зүгээр ч нэг царцаан дуу бус "чулуу ёолов уу” гэлтэй царцаа дуугарч байна. Тиймдээ л гагц царцаа бус намар цагийн уйтай аялгуу зүрх рүү минь ёг хийтэл урсан орох шиг. Нүүдэллэн яваа айлуудын цуваа уул даван одоод, цаад алст, тэнгэрийн хаяа руу шувууд халуун орныг зорин нисэх мөчийн зураглал "тэрэгний арал чихарч” мөрүүдээс тодорхой үзэгдэх агаад хэн бүхний сэтгэлд тайван амгаланг бэлэглэгч намрын шаргал улирлын чулуу ёолох шиг царцаан дууг мэдэрч намар цаг уйлагнан буйг сонсордон шүлгийн дэвтэртээ нам гүмийг зураглан суугаа найрагчийн авьяас билэг юутай гайхам.

Харин өнөөдөр айлуудын цуваа аглаг уулсын энгэр, өвөлжөө бууцнаасаа хөдлөн, шувууд тэнгэрийн хаяанаас нарны цацраг мэт урган ургасаар, гэрэлтэн буй жигүүрийнхээ хүчит дэвэлтээр хахир хүйтнийг тэнгэрийн гүн хөх өнгөнөөс баллуурдан арилгасаар бараа нь тодорч, унтаж буй хоосон дүрснүүд нэгэн эгшинд мурилзан хөдлөсөөр хэмнэл нь түргэсэх шиг л  хавар цаг ирж байна. Ай... Үймэх цасны гэгээ шиг ирж буй хавар цаг аа...

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>