Яруу найрагч М.Отгонбаяр "Болор цом"-ын эзэн боллоо

1365
 
 Яруу найрагч М.Отгонбаяр "Болор цом"-ын эзэн боллоо

 "БОЛОР ЦОМ-35" яруу найргийн наадам өнөөдөр Говь-Алтай аймагт амжилттай болж өндөрлөв. Энэ удаа эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч М.Отгонбаяр тодорсон юм. "Болор цом-35” наадмын дэд байрын эзнээр Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, яруу найрагч Х.Нямхишиг, гуравдугаар байрын эзнээр яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрын эзнээр яруу найрагч Б.Ганхүрэл, тавдугаар байрын эзнээр яруу найрагч н.Одгэрэл нар шалгарсан байна.

     Ингээд энэ жилийн "Болор цом" наадамд тэргүүлсэн яруу найрагч М.Отгонбаярын "ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ"-ийг толилуулъя.

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>