ҮЙМЭХ ЦАСНЫ ГЭГЭЭ ШИГ ИРЖ БУЙ ХАВАР ЦАГ...

235

ҮЙМЭХ ЦАСНЫ ГЭГЭЭ ШИГ ИРЖ БУЙ ХАВАР ЦАГ...

 

Бичсэн шүлэг шигээ гэгээн, жинхэнэ найрагчийн амьдралаар аж төрсөн шүлэгчдийн тухай бус усны толин гадаргуу адил шүлгийн тухай ярих нь зүй ёсны хэрэг мэт санагдана. Тэгээд ч жинхэнэ уран зохиолд зохиогчийн оролцоо байдаггүй. Харагдах байдал, өөрийн үзэмжээр хэлбэрдэх, нийгэмд бухимдсан плюраль шинжтэй бус дуу хоолойгоо бүтээлдээ зориудаар тусгана гэдэг уран зохиолыг бурантагласан хэрэг.

"Хүмүүст өөрийгөө бус хүмүүсийг үзүүл” гэж А.П.Чехов өгүүлсэн байдаг. Ер нь яруу найрагчид яруу найргийг бус яруу найраг яруу найрагчдыг бүтээн туурвиж байдаг ч юм билүү. Шинэ шүүмжлэгчдийн онолоор бол ертөнц эмх цэгцгүйн дунд л мөн чанараа хадгалан оршиж байдаг шүү дээ. Шүлгийн цаад мөн чанараас уншигчдын ухамсарт зохиогчийн дүр бууж байх ёстой юм шиг тийм л зүйлийг яруу найраг биднээс шаарддаг. Тэр дүр нь өөрийгөө эрж хайсны эцэст олсон жинхэнэ дүр, явах ёстой зам мөр нь байдаг.  Энэ л мөрийг  хаврын гэгээн өглөө анзаарамгүй, энгийн зүйлээс олоод харчихсан Л.Энх-Амгалан найрагчийн 

"...Хаврын аяст согтоод

Тэнэмэл гөлөгний мөр

Шүлэг мэт харагдмуу...” 

гэх шүлгийн тунгалагт согтоод, ирж буй хаврын нууцсын тухай энэ жижигхэн хөх номноос ихийг мэдэж авах юм шиг санагдав.

"Хөх зул” нэрнээс л сонжихуйд бидэнд сонстдог шувуудын цолгиун жиргээ, урин салхины сэвшээ, төлийн дуу, ус мөрний харгианаас илүүтэй хавар цагийн нууцлаг, өнгөөр төсөөлөн бодвол цэнхэр аялгуу дуурьсах шиг болно. Зулын гэрэл улбар шаргал өнгөтэй байдаг бус уу. Харин ирж буй хавар цагийн эхэнд сөхөн уншсан эл номын сэтгэлд минь асаасан зул хөх өнгөтэй байх нь зайлшгүй хэрэг мэт санагдана. Магадгүй тэртээ 1994 оны хаврын эхэн сард л энэ ном мэндэлсэн бизээ гэж бодохуй ясандаа хоригдсон зүрхний минь хэмнэлтэй холилдон өнөөх цэнхэр аялгуу цээжин дотуур дуурьссаар байх авай.

"...Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа

Хэл сураггүй халихад минь

Хэзээ хойно үгүйлэхгүй

Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа.” ("Баллад” 47, 48-р тал)

гэсэн мөрүүдийг уншаад доктор С.Энхбаяр яруу найрагч Ц.Хулангийн шүлгийг дахин давтан уншиж "Энд цаг зогсож орон зай утгаа алдана” гэсэн шиг уулга алдан байхуй дор "үймэх цасны гэгээнд” хорвоогийн сайн, муу олон явдал мартагдаж, түмэн бодисын тухай умартаж, мутар минь үл мэдрэгдэн, мэлмий минь харанхуйлж гагцхүү цав цагаан орон зайн өнгийг ялган таних шиг болоод хэнийг ч үгүйлэхгүй, хэнд ч үл үгүйлэгдэх нь хичнээн сайхны тухай бодож, цасны зурвасхан гэрлээс дахин төрөх эсхүл өндөр хөх огторгуйгаас бууж ирсэн мөрөөр нь дамжин бурханд дөтөлж явах шиг санагдахуйд эрт эдүгээ, одоо, ирээдүй, орших, эс оршихуй, мухар сүсэг, хий биеийн тухай бодлууд цасны гэгээнд үл байж чадаад чинадын чинад руу нисэн одмой.

Үхэх, үхэл, амь тавих, тэнгэрт дэвших гэсэн үгстэй мөрүүд шүлэгт нь зонхирсон байвал ихэнх уншигчид "хар бараан шүлэгтэй” гэх тодорхойлолт өгөөд "гэгээн сайхан зүйлсийг дуулахад яана” хэмээн хий хоосноор халаглаж, цэцэлцгээдэг. Гэтэл "үхэх” гэдэг үгийг "төрөх” хэмээх үгийн утга санаанд бүрнээ уусан шингэтэл бичиж чадсан найрагчийн зүрх сэтгэл юутай ариун, юутай гэгээн амой. "Үймэх цасны гэгээнд, Үхэх гэдэг ариусах адил” гэдэг мөрүүд бол ертөнцөд эн тэнцүү орших сайхан, муухай зүйлсийн бүхий л нууцыг таньж мэдээд, ариусах, гэгээрэх үйл нь орон зайн хаана ч оршиж болдогийг тайлж чадсан гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл, уй гансралтай хүмүүний дуун алдалт ажаамуй.

Үхэх гэдэг ариусахын адил зөн сэрэл, мэдрэмжийг тээж байдаг ч байгалын үзэгдэл, тэр дундаа цас хүний оршихуйг хэрхэн тодотгож байна вэ? Яруу найрагч Г.Бадамсамбуугийн "Амьдрал үхлийн хооронд, алив бүхэн унамуй... Цас унамуй...” гэсэн мөрүүд ч бидний оршихуй хийгээд цасны гэгээнд л ариусах ертөнцийн цорын ганц томьёолол шиг санагдана. Цасны гэгээнд, тэр тусмаа зөөлөн будрах бус үймрэлдэн, бужигналдан унаж буй цасны гэгээнд "үхэх гэдэг ариусах адил” гэсэн зэн буддизмын гүн утгыг тайлсан,  түүнд чин үнэнчээр бишрэн шүтэгчдийн оюунт сэтгэхүйгээс булгийн урсгал шиг ундран гармаар мөрүүдийг ирж буй хавар цагийн гэгээн дор уншин одох зүгээ олоод "Хөх зул” номын хуудсыг цааш сөхвөл

"Миний гуниг мэт

Дуугүй цасан гулсаад

Миний одох цаг

Дуулсан дуу шиг санагдана” /"***Миний гуниг мэт” 38-р тал/ гэсэн байх авай.

"Миний гуниг мэт, дуугүй цасан гулсаад