С.БАЯРЦОГТЫН НУУЦ ДАНСНЫ 1 САЯ АМ.ДОЛЛАР ЗӨВХӨН ҮЛДЭГДЭЛ НЬ БАЙВ УУ

256

С.БАЯРЦОГТЫН НУУЦ ДАНСНЫ 1 САЯ АМ.ДОЛЛАР ЗӨВХӨН ҮЛДЭГДЭЛ НЬ БАЙВ УУ

 

Швейцарийн Дээд шүүхээс тус улсын банкин дахь 1.85 сая ам.долларын үлдэгдэл бүхий дансыг царцаасан бөгөөд уг дансыг Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлэхэд ашигласан гэж Швейцарийн  Ерөнхий прокурорын апбанаас (ОАG) мэдэгджээ. Энэ талаар "Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

С.Баярцогтыг Сангийн сайдад томилогдсон 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг түүний нэр дээрх дансанд шилжүүлсэн байна.

Иймд прокуророос "Гадаад улсын Засгийн газрын гишүүн сайдын албан тушаалд томилогдмогцоо ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь үнэхээр сэжигтэй байна” гэжээ.

Британи-Австралийн "Рио Тинто”компани Монголын Засгийн газартай "Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж "Ройтерс” мэдээлэлдээ дурдаад уг гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр .Сангийн сайд асан С.Баярцогтыг авлигын хэргээр шалгах ажлын хүрээнд энэ арга хэмжээг авсан гэжээ.

"Рио Тинто” компани одоогийн байдлаар олон улсын банкуудаас 5.3 тэрбум ам.долларын зээл босгож,Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж байгааг дурдсаны зэрэгцээ уг үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн санхүүгийн зөрчлийн талаар дурдаагүй байна. Мөн хэргийг нотлох хүртэл хувь хүн, компанийг албан ёсоор буруутайд тооцохгүй, хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа гэдгийг Швейцарийн прокурорын төлөөлөгч мэдэгдсэн гэжээ.

"Швейцарийн ерөнхий прокурорын газар гадаадын албан тушаалтныг худалдан авсан, мөнгө угаасан хэрэгтсэжиглэж, эрүүгийн хэрэг үүгэсэн болохыг баталж байна” хэмээн Швейцарийн ерөнхий прокурорын газраас "Ройтерс”-т ирүүлсэн хариу захидалдаа өгүүлжээ.

Тус агентлаг Сангийн сайд асан С.Баярцогтоос энэ асуудлаар хариулт авахаар утсаар залгаж, захидал илгээсэн боловч хариу авч чадаагүй байна. Знэ хэргийг Швөйцарийн ерөнхий прокурорын газар 2016 оноос мөрдөн шалгаж байгааг шүүхийн баримт баталж байна.

Түүнээс хойш 1.85 орчим сая ам.долларын үлдэгдэлтэй царцаасан дансыг эзэмшигчийн зүгээс сэргээхээр хэд хэдэн удаа оролдсон боловч түүний хүсэлтийг хангаагүй байна. Данс эзэмшигчийн баталснаар Швейцарь улс түүнд хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн өөрийгөө эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх дипломат дархан эрхтэй гэж баталж байсан тухай шүүхийн баримтууд гэрчилжээ.

Холбооны шүүхийн гурван ч шүүгч "эдгээр нотолгоо нь гарал үүсэл нь эргэлзээтэй их хэмжээний мөнгийг дансаараа хүлээн авсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болохыг тодорхой харуулж байна" хэмээн бичжээ.

Харин Монгол Улсын АТГ-ын төлөөлөгч "Ройтерс” агентлагт мэдээлэхдээ С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж байгаа гэсэн байна. Гэхдээ яг ямар хэргүүдийг шалгаж байгаа болохыг дэлгэрэнгүй мэдээлээгүй гэжээ. Царцаасан дансны эзэмшигчийг төлөөлж буй Швейцарийн  өмгөөлөгч ч цахим шуудангаар хариу өгөөгүй талаар "Ройтерс” мэдээлэлдээ онцолжээ.

"Ройтерс” агентлагийн дээрх нийтлэлээс үүдээд өнгөрсөн үйл явдлыг эргэн сануулъя. 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан тайланд С.Баярцогт Швейцарийн банкинд данстай гэх дэлгэрэнгүй мэдээлэл Монголд цацагдсаны дараа тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээн УИХ-ын дэд даргын суудлаасаа өөрийн саналаар огцорсон юм.

Харин 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох үеэрээ С.Баярцогт УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа "2013 онд АТГ эрүүгийн хэрэг үүсгэж, надаас гэрчээр удаа дараа асуулт асуусан. Би банктай холбоотой бүх материалыг явуулсан. 2014 оны гуравдугаар сард энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би дансаа нуусан, хаасан зүйл байхгүй" гэж мэдэгдэж байв.

Мөн тэр үед С.Баярцогт найз нартайгаа хамтран бизнес хийх зорилгоор дээрх дансыг нээж байсан, 1 сая ам.доллар хийгээд орхисон, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ мартсан байсан гэж тайлбарлаж байв. Харин "Ройтерс" агентлагийн мэдээлснээс үзвэл уг дансанд ердөө нэг сая ам.доллар бус 8.2 сая евро буюу 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гарал үүсэл тодорхойгүй мөнгө шилжин орсон бололтой. Түүнчлэн 1.8 сая ам.долларын үлдэгдэлтэй хаагдсан дансаа сэргээлгэхээр хөөцөлдсөн гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Өглөөний сонин
А.Алиман

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.