Бусдын нийслэлийг чимдэг гүүрэн гарц баригдах багахан хугацааг тэвчээд өнгөрөх чадвар бидэнд дутлаа гэж үү?

740

Бусдын нийслэлийг чимдэг гүүрэн гарц баригдах багахан хугацааг тэвчээд өнгөрөх чадвар бидэнд дутлаа гэж үү?

Энэ хавар Нийслэл хотын захиргаа Улаанбаатарын авто замын сүлжээг өргөтгөн тэлэх бүтээн байгуулалтын шинэ ажил эхэлүүлж, бүтээн байгуулалт явагдах дөрөвдүгээр сараас ирэх аравдугаар сар хүртэл авто машины дугаарт хязгаарлалт хийх гэж байгаагаа зарлаж, иргэдээс санал авч эхэллээ. Гэвч энэ санал зарим иргэдэд таалагдсангүй. Үнэн хэрэгтээ тэдэнд нийслэлийн шинэ төсөл таалагдаагүйдээ биш эсэргүүцлийн давалгааны гол өдөөн хатгагч нь манайхны өнөө мушгин гуйвуулах дуртай, улстөржих өндөр сонирхол болж байна гэвэл үнэнд нийцэх биз ээ.

Өдөөн хатгагчид зам дагаж хөгжил ирдэг гэдэг үгийг ор тас мартуулахаар улайрах нь эмгэнэлтэй. 2000 оны эхээр Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эхлүүнэ гэж мэдэгдээд төсөлдөө "Мянганы зам” гэсэн нэр оноож байсныг энд нэг эргүүлэн дурсая. Энэ үед нэгэн алдартай нийтлэлч Мянганы зам бол "Мянгуужингийн үлгэр” хэмээн эсэргүүцэж байсан юм. Одоо тэр бичвэр архивын өрөөнд байх сонин хэвлэлийн хуудаст хадгалагдсан байх учиртай.

Мөнөөх "Мянгуужингийн үлгэр” харин биелэлээ олж өнөөдөр бараг бүх аймаг нийслэлтэй хатуу хучиглттай холбогджээ.
Хөдөө явна гэдэг асуудалгүй болжээ гэж хэлээд нийслэлийнхэн өдөр шөнө, өвөл зуныг ялгалгүй энэ замаар давхилдаж байгаа. Тэд хөдөөнөөс хот руу орж ирмэгцээ автозамын түгжрэлтэй халз тулаад бухимдаж эхэлдэг. Тэгмэгцээ бусдын нийслэлийн өнгө төрх, авто замын сүлжээний өргөтөл, гүүрэн гарц замуудыг хараад "Улаанбаатар хэзээ ийм болно оо” гэж ил цагаан шүүрс алдацгаадаг. Зурагтай, бас тайлбартай өгүүлсэн ийм жишээг олон нийтийн сүлжээнээс хэдэн зуугаар нь олж үзэж болно.

Энэ хавар Нийслэлийн захиргаа хотын иргэдийн цаг, мөнгө хоёрыг бардаг Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах ажлаа эхлүүлнэ. Энэ ажлыг хийхийн тулд тодорхой өдрүүдэд иргэд автомашины дугаарын хязгаарлалттай зорчих болно. Үүнийг буруутгаад шүүмжлээд байх ямар хэрэг байгаа юм бол. Урин зуны улиралд машинаа тодорхой хугацаагаар тавиад автобусаар зорчоод нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулчихаж болдоггүй хэрэг үү!
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүртэл гадаад улсаас хэмээн тодотгож байгаад онлайнаар санал илгээж асуудлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн дөгөө өгсөн байх юм.

Өөрөө Нийслэлийн ИТХ-ын гишүүн байсан хүн. Нийслэлийн хөгжлийг дорой харагдуулж, иргэдийн уур унтууг хүргэдэг Улаанбаатарын сүлжээ муутай автозамын сул талыг тэр мэдэхийн ихээр мэдэж байгаа.

Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед "Улаанбаатарын хөгжил” ярьж том дуугарч, попордог байсан засгийн эрх барьж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад нийслэл рүүгээ чичилж, попдох болов оо?
Иргэдийн эсэргүүцэл өндөрсөхөөд ирэхээр асуудалд анхаарлаа хандуулж, Нийслэлээс яригдаж буй төслүүдийн юу нь иргэдэд ашигтай, юу нь иргэдэд сөрөг нөлөөлж болох талаар мэдээллийг хайхаар шийдсэн юм. Нийслэлийн авто замыг сүлжээг тэлэх ажлыг тайлбарласан албан ёсны мэдээллийг шүүрдэж үзвэл энд хэд хэдэн төслийн ажил тэмдэглэгдсэн байх юм.

Төсөлд өргөн уудам тал нутагтай хэрнээ дөрвөн уулын дунд багширалдан, давчуухан амьдардаг нийслэлчүүдийн Төв аймаг, нисэх, Налайх руу гардаг автозамын гүүрийг өргөтөх замын хөдөлгөөний саадыг багасгах ажил багтжээ. Мөн Улаанбаатар хот дотор автозамын ачаалал хэт их байдаг хэд хэдэн гадарт авто замын гүүрэн гарц буюу ихэнх хүмүүсийн хүсдэг, гадны нийслэлийг чимж байдаг давхар зам тавигдах аж.

Энд тэгээд буруу юм юу байна вэ, иргэд ээ!. Танд авто замын хөдөлгөөнөөс авах ирэх жилүүдийн стрессээ багасгая гэсэн бодол төрөхгүй байна гэж үү. Бусдын нийслэлийг чимдэг, автозамын сүлжээг нь өнгөлж байдаг автозамын гүүрэн гарцууд Улаанбаатарт баригдах хүртэлх багахан хугацааг тэвчих чадвар бидэнд дутлаа гэж үү?   

Хэрэг болгон доор автозамын төслийн ажлуудыг жагсаахаар шийдлээ.
Нэг: Хотын дэд төвийн автозамуудыг холбож өгдөг Яармагийн 250 метр урт гүүрийг засахаас гадна. шинээр 250 метр дөрвөн эгнээтэй зэрэгцээ гүүр барьж,  мөн 50 метр урт нүхэн гарц хийнэ. Бас Богд уулын арын автозамд 270 метр урт гүүр барьж, холбоос зам, инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлыг хийх гэнэ. Яармагийн 9 метр өргөн зорчих хэсэгтэй хуучин гүүртэй зэрэгцэн босох шинэ гүүр нь хайрцаган дам нуруутай, 20.5 метр өргөнтэй, дөрвөн эгнээнтэй байх бөгөөд хоёр талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, хойд хэсэгтээ ногоон байгууламжтай болно. Энэ нь авто замын нэгдүгээр ангилалын 6 эгнээ бүхий авто замын гол гүүр болохоор төлөвлөгджээ.

Хоёр: Төмөр замтай огтлолцсон зам уулзварууд буюу Их Монгол Улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамжыг холбосон автозамд гүүрэн гарц барих юм байна. Энэ автозам төмөр замаас тусгаарлагдсан хотын бусад хэсгийг ийш саадгүй нэвтрүүлэх чадвартай бөгөөд босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Иргэд, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх эдийн засагт нь хэмнэлттэй, хотын өнгөнд үзэмж нэмсэн зам болно.

Гурав: Улиастайн гүүрний Налайх, Чойрын уулзвар хүрдэг авто зам бол нийслэлээс алслагдсан дүүргийг хотын төвтэй холбож өгдөг гол зам. Энд 3.75 метр өргөнтэй, дөрвөн эгнээтэй, хоёр талаараа 2.7 метр дугуйн болон явган хүний авто зам баригдахаар төлөвлөгджээ. Мөн хоёр талдаа 0.5 метр хөвөөтэй, авто замын голоор тусгаахлах зурвас бүхий гэрэлтүүлэгтэй байх аж. Энэхүү төслийн зам барилгын ажлыг 2019 онд ашиглалтанд хүлээн авахаар тооцож байгаа юм байна.
Д

өрөв: Мөн Туул гол дээгүүр дөрвөн эгнээтэй 280 метр урт төмөр бетон гүүр, явган хүний зам гэрэлтүүлэг төлөвлөгдсөн байна. Налайхын автозамыг өргөнтгөн шинэчилснээр Монгол Улсын төвийн бүсийн авто тээврийн харилцаа хөгжиж, босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдэнэ.

Тав: Сонсголонгийн гүүрний 289.4 метр урт, төмөр бетон шинэ гүүр барих ажил эхэлнэ. Автозамыг 2018 онд ашиглалтанд авахаар төлөвлөж байгаа юм байна. Шинэ ба хуучин гүүр нь нийт 20.5 метр өргөн, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй болох бөгөөд хоёр талаараа явган хүний зам гэрэлтүүлэг төлөвлөгдсөн, гол гудамж замын 1 дүгээр ангилалын гүүр болох гэнэ.

Зургаа: Зүүн дөрвөн замын уулзварт гүүрэн гарц барих төсөл хэрэгжих юм байна. Энэ уулзвар автозамын олон түвшний огтлолцолтой болсноор Энхтайваны өргөн чөлөө буюу Их тойруу, бусад тойрог замын автомашины хөдөлгөөний саад багасч, бид цаг хугацаа, шатахуунаа хэмнэж болох нь. Төслийг 2018-2020 онд Нийслэлийн замын хөгжлийн сангийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Долоо: Нарантуул худалдааны төвийн баруун уулзварт төмөр зам дээгүүр гүүрэн гарц баригдах юм байна. Ингэснээр Нарны зам дээрх түгжрэл эрс багасч, Энхтайваны гүүр болон Замын цагдаагийн уулзвараар нэвтрэн өнгөрөх авто тээврийн хэрэгслийн ачаалал буурна. Нөгөө талаар хотын авто замын сүлжээ өргөжих, төмөр замаас тусгаарлагдсан хэсгүүд төмөр замтай аюулгүй холбогдох чухал ач холбогдолтой аж.
 

Б.Ариунболд

http://www.arslan.mn/social/capital/55503.shtml

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>