Ард иргэдэд хатуу ч, АВАРГАД үйлчилдэггүй МОНГОЛ ТӨРИЙН ХУУЛЬ

682

Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэх энэ хорвоод сүүлийн үед хууль, шүүхийн дээр эрх мэдэл, өнгө мөнгө байдаг цаг ирсэн бололтой.

Ингэж хэлэх болсон маань учиртай. Өнгөрсөн өдрүүдэд Монголын Үндэсний Бөхийн холбоонд болж өнгөрсөн хэрэг явдлууд олон нийтийн гайхшралыг ихэд төрүүлэв. Тодруулбал, арав гаруй жил шүүх цагдаагаар явсан тус холбооны асуудлыг Р.Нямдорж тэргүүтэй эрхмүүд дахин будилаантуулж, бүр хууль дүрмийг хуулийн байгууллагатай нь, төртэй нь хамт доромжилж байна.  Хамгийн харамсалтай нь Монголын хууль, шүүхийн байгууллагыг доромжилсон үйлдэлд Монгол түмний хайртай аварга, УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцсон нь олны дургүйцлийг ихэд төрүүлэв.

Аль 2003 оноос үүдэлтэй МҮБХ-той холбоотой маргаанд Монгол Улсын бүх шатны шүүхээс Р.Нямдорж тэргүүтэй нөхдүүдийг хууль бусаар үйл ажиллагаагаа явуулаад байна гэдгийг хэдэнтэй нотолж, түмэнтэй бичиг цаас явуулсан байдаг. Гэвч аливааг замруулж, замхруулж  сурсан Р.Нямдорж тэргүүтэй бөхийн холбооны хуучин удирдлагууд бэлэн хоолноосоо төдийлөн амар салахгүйн тулд өнгөрсөн хугацаанд Монгол бөхийг, бөхчүүдийг, ард түмний, хууль ёсыг, хууль шүүхийн байгууллагыг олонтаа уландаа гишгэж дээгүүр загнав. Адаг сүүлд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон тул МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан шийдвэрийг Р.Нямдоржид танилцуулах гэсэн боловч төрийн албан хаагч Монгол төртэйгөө хамт бөхчүүдэд зодуулчих дөхсөнийг та бид бүгдээрээ харцгаасан.

Гурван шатны шүүхээс Р.Нямдоржийг өөрийгөө тус холбооны тэргүүнээр сонгосон гэх хурлыг хүчингүйд тооцож арга ядахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллага огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилсон байдаг.

 

Гэтэл хууль, шүүхийг будилаантуулж сурсан Р.Нямдоржийн талынхан бүх шатны шүүхийн шийдвэрийн дагуу зохион байгуулсан, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа албан ёсоор дууссан уг хууль ёсны хурлыг иргэд олон нийтэд буруу ташаагаар ойлуулахыг завдаж, адаг сүүлд нь тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтсанаар дахин нэг хууль зөрчилт, дахин нэг шинэ маргаан дэгдсэн билээ. 

 

Ингээд МҮБХ-ны өмнөх тамга тэмдэг, улсын бүртгэлийг гэрчилгээг хэрэгсэхгүй болгоод хууль дүрмийн дагуу сонгогдсон Л.Чинбатыг тэргүүнээр бүртгэж, шинээр гэрчилгээ тамга тэмдэг олгох шийдвэрийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гаргажээ.

 

Гэвч Р.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй эрхмүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа сануулсаар байхад хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж, 2017 оны 6 дугаар сард зарласан Их Эе зохион байгууллах тогтоол хүчингүй гэдгийг мэдсээр байж албан хүчээр өнгөрсөн сарын сүүлээр хурал зохион байгуулсан нь шүүхийн шийдвэрийг санаатайгаар эсэргүүцэж, хуулиас гадуур аашилсаны нэг хэлбэр гэж үзэж болохоор байгаа юм. Улмаар үүнийгээ иргэдийн мэдээлэл дутууг ашиглаж үнэн зөв мэтээр ойлгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж буй нь туйлын увайгүй үйлдэл гэлтэй.

 

Ер нь төрийн сайд байсан хүн, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүн хүн өөрөө ингэж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж төрийн хуулийг уландаа гишгэж байхад бусад хүмүүс хуулийг хэрхэн биелүүлэх ёстой вэ. Аливаа зүйлд эрх тэгш байх ёстой гээд хүн бүр Б.Бат-Эрдэнэ аварга шиг хууль биелүүлэхгүй болчихвол энэ улс орон сүйрнэ. Дээрээс нь ард түмний хамгийн хайртай аварга хүн аливаа зүйлд жаахан жудагтай хандаж сурвал дээр баймаар. Ийм цайчихсан хүнээр төрөө удирдуулж, төрийн тэргүүнээр сонгох гээд дэмжиж явсан иргэдийн итгэлийг аварга маань дахин лав олж авахгүй байх. Эсвэл хуулийн зүйн ухааны доктор хүнд төрийн хууль үйлчлэхээ больчихсон хэрэг үү. Одоогоос хэдэн жилийн өмнө Женко Х.Баттулга нэгэнтээ аваргын докторыг худлаа хэмээн нэвтрүүлгээр "чимхэж" билээ. Үүн шигээ эрхэм төрийн түшээ, ард түмний хайртай аваргад маань үнэн зүйл гэж огт байдаггүй юм уу.

 

Хуулийн шийдвэрийг биелүүлэхгүй, санаатайгаар хууль зөрчөөд гүйж яваа Б.Бат-Эрдэнэ гишүүндээ МАН-ынхан ёс зүйн шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Эсвэл МАН оролцсон бүхэн ингэж хуудуутай, булхайтай, хууль бусаар шийдэгдэж байх ёстой хэрэг үү.

Ямартаа ч хууль ч хүн бол хамгийн үнэн байх хэрэгтэй шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аварга та хуулийн шийдвэрийг дагадаггүй Р.Нямдоржийг дараагийн арван жил өв залгамжлах гээгүй л юм бол асуудалд үнэн зөв хандаарай. Эсвэл 2020 оны сонгуульд намаасаа ч, тойргоосоо ч "шаанс"-гүй болсоноо мэдчихээд ингэж Монголын хууль шүүхийнхэнийг доромжилж, төрийн хуулийг улайран зөрчөөд байгаа хэрэг үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хууль бус хурал зохион байгуулж, өөрийгөө тэргүүнээр өргөмжилсөн үйлдэл нь УИХ-ын гишүүний үүрэг, Үндсэн хууль, өргөсөн тангарагаа ноцтойгоор зөрчсөн үйлдэл мөнөөсөө мөн юм.

 

Ямартаа ч цагаан дээр хараар бичсэн шүүхийн шийдвэрийг үнэн гэхгүй юм бол энэ улсад чинь шударга үнэн гэж хаана ч байхаа болих нь байна. Монголчууд эртнээсээ үндэсний бөхөө дээдэлж, бөхчүүдээ хүндэлж ирсэн уламжлалтай.  Гэвч хууль бус үйл ажиллагаанд Б.Бат-Эрдэнэ аварга оролцож бөхийн сайхан хүндлэлээ ч, төрийн түшээ хүнийхээ үүргээ ч сэвтүүлэх хэрэг байсан уу. Хүн нэрээ, тогс өдөө гэдэгсэн.

http://www.shuud.mn/a/495510

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>