Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эе хуралдана

215

Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эе хуралдана

 

Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдэв. Мөн тэд "Ээлжит бус Их Эеийг хуралдуулах ажлыг зохион байгуулах албан ёсны Ажлын хэсгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж Р. Нямдорж тэргүүтэн мэдэгдэл гаргасан тул хариу мэдэгдлийг хийж байна” хэмээн мэдэгдэл гаргаснаа олон нийтэд мэдээллээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

НЭГ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014.06.24-ний өдөр МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулан хуралдуулах Ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан билээ. Тиймээс ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулах эрх үүрэг бүхий Ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд шүүхийн гурван шатны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

 

ХОЁР. Р. Нямдорж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулсан Монголын үндэсний бөхийн Цэцдийн зөвлөлийн хурлыг хүчингүй болгуулахаар шалгуулж буй мэтээр мэдэгдэл хийсэн нь бусдыг төөрөгдүүлэх зорилгыг агуулсан төдий зүйл юм. Учир нь Р. Нямдоржийн гомдлыг Сүхбаатар дүүрийн прокурорын газрын 2017.04.10-ны өдөр 387 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2017.05.17-ны өдрийн 08/1783 тоот албан бичгийг ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул холбогдох шийдвэр, гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг холбогдох байгууллагад болон Ажлын хэсэгт чиглэл өгсөн болно. Тиймээс Р. Нямдоржийн мэдэгдэл нэгэнт шийдвэрлэгдсэн зүйлийг будилаантуулж мэдэн будилсан хууль бус оролдлого юм.

 

ГУРАВ. МҮБХ-ны нэр барьсан Мэдэгдэл гэгчид Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү. Хүрэлбаатарыг МҮБХ-ны тэргүүлэгчээс хөөгдсөн мэтээр түүний нэр хүндэд халдахыг оролдсон нь Ээлжит бус Их Эеийг будилаантуулж, бусдын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийг оролдсон ёс зүйгүй бусармаг үйлдэл болсон байна.

 

ДӨРӨВ. Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон Цэцдийн зөвлөлийг сонгоно. Тиймээс ээлжит бус Их Эед төлөөлөгчөөр сонгогдсон бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, бөх судлаачид, аймгийн бөхийн холбооны төлөөлөгчдийг хуралдаа хүрэлцэх ирэхийг урьж байна. Уг хурлыг тасалдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж мэдэгдэл хийж буй хууль бус үйлдэлд автахгүй байхыг Ажлын хэсэг уриалж байна.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЭЭЛЖИТ БУС

ИХ ЭЕИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСЭГ

2017 оны 05 сарын 25-ны өдөр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.