МУСГЗ, Болорцомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир: МИНИЙ ЗУРСАН ХОРВОО

819

МУСГЗ, Болорцомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир: МИНИЙ ЗУРСАН ХОРВОО

Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөслөөд
Бүлээхэн бороо намиравч солонго холдоод намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно

Саруул талд тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо долгис болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгилахад гэгээ болно

Үзэсгэлэнгийн хорвоо аниргүйхэн эргэж одод түгээд
Үүлсийн чөлөөгөөр сар дэгдэн тоглоод туулай болно
Үлгэр зүүдэнд итгэх танхил хүү минь ухаажиж
Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно

Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсаж
Нарны мянган утас алтан хярганыг үйслээд зураг болно
Намаржаа дэнж дээр аавын гэрийн буурь аглагшиж
Намайг он жил салхины бийрээр зураад хөрөг болно

Зүүдний хорвоод хацрын чинь туяа гэрэлтэх агшинд
Зүүсгэл болгон одод хэлхэж өгөхөд сондор болно
Зүрх сэтгэлийн зөөлнөөр нарны гэрэлд хөг орж
Зүүн хойноос салхи намираад надад ирэх нь алчуур болно

Харгуйн үзүүрт цэцэг сүлжиж хүлээсэн тунимхай нүдийг
Хацартаа нааж хоноход маргааш нь жаргалт болно
Хаана хэзээ ч хайрлах цээжний чимэг хийгээд
Харамлан нууж бодсон зовлонт хайр домог болно

Оломгүй далайн гүн ёроолд чулуу хөдөлж
Огторгуйд шинэ эрхэс тодроход бүсгүй хүн ижий болно
Олон хээр адуу цочин үүрсэж гүү унагалаад
Одод чуулсан үүрийн шаргал тал амаржсан эх болно

Аян замын хорвоод мөр сүлжихийн тавилан
Асга хадан дунд янгирын ишиг төрөөд тэх болно
Асур тэнгэрийн цээлд бүргэдийн дэгдээхэй өсч
Сүрлэг байцын хясаан дээр өвгөрөөд амьдрал болно

Аадар, хур, цас, салхи нь ч хүртэл зүрх хөдөлгөх аястай
Сүү нулимсаар миний үдсэн минь дуу болно
Амьд явахад эргэн тойрон сэтгэл хөдөлгөх увидастай
Сүүдэр гэрлээр миний зурсан хорвоо дууль болно

( Дурсгалыг нь хүндэтгэв )

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>