Зээлийн хүүг бууруулах асуудлыг захиргааны аргаар шийдэж болохгүй

692

Зээлийн хүүг бууруулах асуудлыг захиргааны аргаар шийдэж болохгүй

 

Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй билээ. Зээлийн хүүг бууруулах асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатарын байр суурийг сонслоо.

 

-Зээлийн хүүг бууруулах нь иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудал учраас цогц байдлаар оруулж ирэх ёстой. Тэр утгаараа зээлийн хүүг шууд хатуу тогтоох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Монголбанк болон холбогдох байгууллага нь зээлийн хүүг бууруулах эдийн засгийн, захиргааны арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. С.Эрдэнэ гишүүний санаачилсан энэхүү хуульд гишүүд гурван асуудалд төвлөрч санал гаргасан. Нэгдүгээрт, холбогдох яамнаас нь тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг 12 хувь болгохоор арилжааны банкуудтай ярилцаж байна. Үүнтэй давхардаж байгаа. Мөн 100 хүртэлх сая төгрөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зээлийн хүүг 18 хувь байхаар оруулж ирсэн. Гэтэл бодит байдал дээр үүнээс ч доогуур хүүтэй байгаа. Арилжааны зээлийн дээд хязгаарыг 24 хувь байхаар төсөлд тусгасан. Сүүлийн саруудад зээлийн хүү буурч, дунджаар 18.6 хувьд хүрсэн байгаа. Эдийн засгийн эерэг үзүүлэлттэй холбоотойгоор өнөөдрийн нэгэнт хүрчихсэн түвшинд зээлийн хүүг бууруулна гэж оруулж ирснийг гишүүд хөндөж ярьсан. 
Хоёрдугаарт, энэ хуульд мөнгө хүүлэлтийн эсрэг асуудлыг шийдвэрлэхээр хамтад нь оруулж байгаа. Дэлхийд мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай 24 орон бий. Эдгээр орны мөнгө хүүлэлтийн эсрэг авдаг олон арга хэмжээ байдаг. Гэтэл С.Эрдэнэ гишүүний хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийг яг хэрхэн зохицуулах талаар нарийвчилж өгөөгүй. Ер нь асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Гуравдугаарт, мэргэжлийн байгууллага хэд хэдэн хуулиудыг оруулж ирэхээр ярилцаж байгаа түүнтэй уялдуулж оруулж ирэх ёстой. Манай намын бүлэг зээлийн хүүг бууруулахын эсрэг байгаа юм биш. Бид зээлийн хүүг бууруулах ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Монголын иргэн бүхэн адилхан бодолтой байгаа байх. Гол нь зээлийн хүүг бууруулах, мөнгө хүүлэлтийн эсрэг авах арга хэмжээг зөвхөн захиргааны аргаар биш эдийн засгийн аргатай хослуулмаар байна.

Н.Нягт


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>