Зарим лам нар Богд Жавзандамбын X дүрийг нэхэж эхэллээ

1143

 

Энэ сарын 22-нд "Нар хажид” сүмийн үүсгэн байгуулагч Д.Мэндбаяр IX Богд Жавзандамбын Гандан Лавранд хандан албан бичиг илгээсэн тухайгаа фэйсбүүкээр мэдээллээ.

Тэрбээр уг бичигтээ "Дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц Монгол улсад 2016 онд айлчлах үеэрээ IX Богд Жавзандамба хутагтын хойд дүрийн талаар бодитой айлдвар айлдсан ба эдүгээ сүсэгтний дунд Богд Жавзандамба хутагтын X дүрийн талаар элдэв цуурхал тархах, басхүү бидний ном хувраг, шавь сүсэгтнүүдийн дунд Богд Жаьзандамба хутагтын хойд дүрийн талаар үнэн мэдээлэл авах чин хүсэл, хүлээлт байх тул бидэнд X Богд Жавзандамбын Гандан Лаврангийн зүгээс албан ёсоор хариу өгнө үү” хэмээсэн байна.

Ийнхүү монгол лам нар Богд Жавзандамба хутагтын X дүрийг нэхэж эхэллээ. Сануулахад XIY Далай ламтан Монгол улсад морилох үедээ хойт дүрийг хэдийн тодруулсан ч нялх балчир учир хэдэн жилийн дараа суудалд нь залж болно гэж айлдсан билээ.

2011 оны арваннэгдүгээр сард Монголын Бурхан шашинтны тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар төрсөн бөгөөд 4 настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулжээ.

Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос Монгол Улсад заларсан билээ. 

Монголын Бурхан шашны тэргүүн, IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан 2012 оны хавар таалал төгссөн юм.

Г.Самбаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>