Ерөнхий сайдын айлчлалууд яагаад цуцлагдаад байна вэ?

785
 
Ерөнхий сайдын айлчлалууд яагаад цуцлагдаад байна вэ?У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон.    Гүйцэтгэх засаглалын тэргүүний  үйл ажиллагааны онцлох нэг хэсэг нь гадаад харилцаа байдаг.  Гэтэл энэ хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гадаад харилцаа нэг л ойлгомжгүй явж ирлээ.  Ерөнхий сайд тэр улсад айлчилна гэх мэдээлэл гардаг, түүний араас нэг их удалгүй айлчлал цуцлагдсан талаар ярьдаг. Одоогоор У.Хүрэлсүхийг БНСУ,  БНХАУ хоёр л найр тавин угтаад байна.  Бусад нь "хаалгаа хаагаад” хүлээж авсангүй. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь айлчлал цуцлагдаад байна.  Өнгөрсөн тавдугаар сард Гадаад харилцааны  сайд Д.Цогтбаатар "Ерөнхий сайд ирэх зургадугаар сард  АНУ-д айлчилна.  Би айлчлалтай холбоотой  бүх бэлтгэл ажлыг хангаад ирлээ” хэмээн ярьж байв.   Мөн Ерөнхий сайд АНУ-ын Мянганы Сорилтын сантай хоёр дахь компакт гэрээ байгуулна,  улс оронд ашигтай гэрээг үзэглэнэ. 350 сая ам.долларын санхүүжилтийг Монголд авчирна хэмээн айлчлалын үр дүнгийн талаарх эхний дүр зургийг гаргасан байв.    Гэсэн ч Ерөнхий сайдын АНУ дахь айлчлал цуцлагдлаа. Энд ямар учир байна аа.   Өмнө нь ОХУ дахь айлчлал мөн л тодорхойгүй  шалтгаанаар цуцлагдаж байв. Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно гэж байсан ч ОХУ-ын талаас бэлтгэл хангагдаагүй хэмээн хүлээж аваагүй тухай мэдээлэл гарч байсан.  Мөн  ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа  энэ асуудлыг хөндсөн тайлан ирүүлэхдээ "Айлчлал манай талаас болж цуцлагдсан талаар мэдэгдсэн байдаг.  Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг "ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж амжаагүй, бүтцийн өөрчлөлт нь дуусаагүй байсан, Ерөнхий сайд илүү өргөн оролцоотой асуудал шийдэх хүрээнд айлчлал хийх эрмэлзэлтэй байсан учраас цуцалсан” хэмээн учир битүүлэг тайлбар хийж байлаа.   ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт 1997 оноос хойш олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй. 2006 оноос хойш чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болсон бөгөөд олон улсын, тэр дундаа ОХУ, Европын эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг талбар болсон юм. Энэ чуулга уулзалтад Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар ач холбогдол өгч оролцож байлаа.  Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбат эх орноо төлөөлөн оролцож, олон гэрээ хэлцэл ярьж ирсэн байдаг.   Харин Монгол  Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсонгүй, өнжлөө. Энэ бас л ойлгомжгүй асуудал.  Энэ жил түүний  айлчлалд ОХУ, АНУ багтаж байсан  бол хоёулаа жагсаалтаас гараад байна.   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  улс  төрийн нөлөөлөл, имиж, хандлага олон таалагдахгүй байна уу.  Эсвэл томоохон  орнуудын үйл ажиллагаа, манай улсад чиглэх бодлого нь Ерөнхий сайдад таалагдахгүй байгаа юм болов уу.  Ямартай ч айлчлалууд нь цуцлагдсаар байх бололтой.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>