У.Хүрэлсүх “бужигначихав” уу, хэрэг эрхлэх газар нь бужигнуулчихав уу?

693

У.Хүрэлсүх “бужигначихав” уу, хэрэг эрхлэх газар нь бужигнуулчихав уу?

 

ЗТХЯ-ны Газрын дарга бас нэг Газрын даргынхаа амийг хөнөөсөн, төмөр замын ослууд дараалан гарсан гээд энэ салбарт нийгмийг цочроосон явдал олон гарав.

Тиймээс энэ асуудлаар Засгийн газар өнгөрсөн ням гариг /2018.8.12./-т хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын до­лоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд мэдээлэл өгөхдөө "….ЗТХЯ-нд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна.

Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна” гэлээ. Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийд­тэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр ор­лон гүйцэтгэгчээр ажил­лана гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Засгийн газ­рын энэ шийдвэр толгойдоо олс угласантай адил зүйл болж хувирч магадгүй байна.

Учир юу гэвэл Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй. Сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нөхцөлд УИХ-аар эцэслэн шийдэгдтэл Үүрэг гүйцэтгэгчээр албаа үргэлжлүүлэх хуультай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн аваад УИХ-д уламжилж шийдвэрлүүлэх л эрхтэй юм. Гэтэл Ж.Бат-Эрдэнийн ажлыг хүлээж аваад Шадар сайд Ө.Энхтүвшинг ЗТХ-ийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр томилчихсон байгаа юм.

Тиймээс энэ нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл болж байгаа ажээ.

Мөн Засгийн газар нь ЗТХЯ-ны долоон Газрын даргыг ажлаас чөлөөлөх эрхзүйн үндэслэл бас алга. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга эдгээр албан тушаалтныг томилох, чөлөөлөх хуультай.

Харин  Засгийн газар нь ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг чөлөөлөх эрхтэй юм байна.

Тэгэхээр энэ асуудал эрх баригчдын дунд гарч ирсэн бас нэг хэрүүлийн алим болж таарах нь. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дээрх шийдвэрээрээ хуулиас давсан шийдвэ­рийг гаргаж, Үндсэн хууль, УИХ-ын бүрэн эрхэнд халдсан явдал болох юм. Энэ нь дээрх асуудал Үндсэн хуулийн цэц хүртэл явж маргаан дагуулах магадлалтай гэсэн үг.

Ийм мэдээжийн, хуульд тов тодорхой заагдсан асуудлаар хэм хэмжээгүй шийдвэр гаргасанд гайхах хүн олон байгааг хэлэх хэрэгтэй.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх сандрахдаа "бужигначихав” уу, ЗГХЭГ нь ингэж бужиг­нуулав уу гэдэг нь анхаа­рал татаж байгаа юм.

Уг нь ЗГХЭГ гэж  Засгийн газрын ажлын алба бий. Голдуу хуульчдаас бүрдсэн, Засгийн газрын өдөр тутмын ажлын эрх зүйн "гал тогоо”-г залж, хийж явдаг алба. Түүнчлэн саяхан "насаараа” Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан Г.Баясгалан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдсон. Ийм нөхцөлд санаандгүй алдаа гарах бараг л боломжгүй юм. Гэвч ийм байдал үүссэн нь тодорхой болж байх шиг байна.

Алдарт 60 тэрбумын асуудлаар УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлаж, Нээлттэй сонсгол хийх шаардлагыг нэр бүхий гишүүд тавиад байгаа. Энэ нь УИХ-ын дарга М.Энхболд руу чиглэсэн "дайралт” гэж харагдаж байгаа. Гэтэл яг одоо үүссэн нөхцөлөөс харвал Ээлжит бус чуулган хуралдах нь М.Энхболдод биш У.Хүрэлсүхэд халгаатай болж хувирлаа.

Товчхондоо, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн асуудлаар Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн "хэрэг”-ээр У.Хүрэлсүхийн Засгийн газар дэнжигнэж магадгүй болчихлоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>