Өнгөрөгч долоо хоногт буюу наймдугаар сарын 10-нд Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер 21 насныхаа төрсөн өдрийг 70 мянган болор шигтгэсэн өмсгөл, тансаг Rolls Royce, мянга мянган сарнай цэцэгс гээд бидний төсөөллөөс ч тансаг байдлаар тэмдэглэсэн юм. Барби хэв маягаар сэдэлчилж хийсэн түүний төрсөн өдрийн үдэшлэгт найзууд болон гэр бүлийнхэн нь оролцож хоёр өдрийн турш наргижээ.
Мэдээж төрсөн өдрийн бэлгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Чамин тансаг бэлгэнд "булагдсан" бүсгүйд хамгийн гоёмсог бэлгийг найз залуу Травис Скотт нь өгчээ. Кайли бүсгүй инстаграмдаа найз залуугийнхаа бэлэглэсэн хуучны загвартай Rolls Royce машины өмнө зогсож буй зургаа оруулаад "Аз жаргалтай төрсөн өдөр" хэмээн бичжээ. Травис түүнд зөвхөн машин өгөөд зогсохгүй байшингийнх нь урд талыг яг л үлгэрт гардаг шиг сарнай цэцгээр дүүргэж чимсэн байна. Энэ талаар Кайли "Бяцхан үлгэрийн оронд сэрлээ. Баярлалаа, хонгор минь" хэмээн дагагчдадаа гайхуулжээ.
Кайлид төрсөн өдөр, тэмдэглэлт баяраараа бэлгэнд авсан машины бүхэл бүтэн цуглуулга бий гэхэд хилсдэхгүй. Учир нь, түүний өмнөх найз залуу Tyga 18 насных нь төрсөн өдрөөр мөн л үнэтэй, чамин машин бэлэглэж байсан бол охин төрүүлж өгснийх нь төлөө одоогийн найз залуу Травис нь Кайлид 1,4 сая доллараар үнэлэгдэх Ferrari машин өгсөн билээ.
Дэндүү тансаг, хээнцэр болж өнгөрсөн түүний 21 насны төрсөн өдрөөс харахад дэлхийн хамгийн залуу тэрбумтан бүсгүй дараагийн төрсөн өдрөө сансар огторгуйд тэмдэглэж мэдэх нь.