ЗГ хариуцлага тооцож эхэллээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайд, тус яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад газрын дарга нарыг чөлөөлж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэр гаргасныг тэрбээр танилцуулсан юм. Эхнийх нь өнгөрсөн пүрэв гарагт Зам тээвэр хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г-ийн амь насанд мөн яамны төрийн тусгай удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан хэрэгт холбогдуулан салбар хариуцсан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг чөлөөлөх талаар хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цахим хуудастаа "Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж мэдэгдээд байсан юм. Сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бол тус яамны бусад албан тушаалтныг огцруулах эрс шийдэмгий шийдвэрийг танхимаараа гаргажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Зам тээврийн хөгжлийн яамны гадаа тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга М нь хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас хоорондоо муудалцаж Г-ийн амь насанд халдсан, хүний амь нас эрсэдсэн ноцтой гэмт хэрэг гарсныг иргэд мэдэж байгаа. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ах дүү хамаатан саданд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидэнд ийм эмгэнэлтэй явдал тохиолдож хүний эрдэнэт амь эрсэдсэнд Засгийн газрын тэргүүний хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын айраг өртөөнд байгалийн гамшигт үзэгдэл болж 300 метр газар төмөр замын суурь бүтэц эвдэрсний улмаас Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явсан зорчигч тээврийн галт тэрэг осолдож нэг зүтгүүр, тээшний болон зорчигчийн нэг вагон замаас гарсан ноцтой осол гарсан. Уг вагонд 328 зорчигч байсан, галт тэрэгт явсан зорчигчдоос 88 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн, хоёр хүний биеийн байдал хүнд байна гэсэн мэдээлэлтэй байна.
Засгийн газар албан тушаалтнуудыг огцруулах эрс шийдэмгий шийдвэр гаргав
УБТЗ-ын сэргээн босгох анги болон ОХУ-ын төмөр замын сэргээн засварлах техник хүрэлцэн ирж сэргээн засварлах ажил явагдаж байна. Манай Засгийн газар байгуулагдсанаасаа хойш хоёр зорилт дэвшүүлэн тавьсан. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд дэг журам, сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах зорилт тавьж ажиллаж байгаа” хэмээв. Тэрбээр цааш мэдэгдэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа сайжирч эдийн засаг сэргэж, амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөр байгааг дурдсан юм. Үүний зэрэгцээ засгийн газрын нэр хүндэд сэь суулгасан алдаа дутагдал гарсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Гаргасан алдаа дутагдлын талаар тэрээр "Бидэнд бас алдаа, дутагдал гарлаа. Монгол улсын төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, тэр тусмаа яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч, нэгнийхээ эрдэнэт амь насыг хохироосон явдал харамсалтай зүйл болж байна.
Энэ бүхний төлөө дахин уучлалт хүсэж байна. Сахилга, хариуцлага дэг журмыг бид шат шатандаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг энэ үйл явдал маш тодорхой харууллаа. Цаашид бид төрийн албаны хариуцлага, дэг журмыг сайжруулахад хүчин чармайлт тавьж ажиллах ёстойг дахин мэдэрлээ. Тийм учраас засгийн газрын хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, холбогдох газрын дарга нарыг ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” гэв. Зам тээвэр хөгжлийн сайд ийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан дараагийн сайдыг УИХ-аас томилох хүртэл тус яамны сайдын үүргийг шадар сайд Ө.Энхтүвшинд хариуцуулах захирамжийг Засгийн газрын тэргүүн гаргаад байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Айраг суманд осолдсон галт тэрэгний ослын талаар хэлэлцсэн бөгөөд осолд өртсөн зорчигчдын эрүүл мэндийн байдлын талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгөв.