199.7 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна

723

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өнгөрсөн жил орчмын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлаа УИХ-ын гишүүдэд тайлагналаа.  
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувиар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат даргалсан энэ удаагийн хуралдаанд УИХ-ын Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Л.Болд нараас гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Төмөрчулуун, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, "Тавантолгой түлш” ХХК, "Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хүрээнд өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажилласны үр дүнд тулгуурлан хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтойг тэрээр  танилцуулсан. Мөн Засгийн газраас ирэх оны 5 дугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор сайжруулсан түлшээр айл өрхийг хангах ажил ахицтай байгааг мэдэгдсэн юм. Үүний дараа ЭМЯ, "Тавантолгой түлш” ХХК, "Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас агаарын бохирдлын эсрэг хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав. ЭМЯ-ны хувьд агаараар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө гаргах, амны хаалт хэрэглэж заншихыг уриалах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудад шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүссэн юм. Харин "Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшээр Улаанбаатарын иргэдийг хангах ажлыг хэрхэн хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн бол "Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан иргэдэд гэрийн дулаанаа хэрхэн удаан хадгалах талаар сургалт, сурталчилгаа хийхээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаагаа танилцуулав гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 199.7 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>