У.Хүрэлсүх: "Бид боломжоороо өрөө барагдуулан, цалин нэмээд явж байна"
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсролын багш нар энэ долоо хоногоос ажил хаяан, Төв талбайд суулт зарлаад буй. Тэд цалингаа нэмүүлэхийн хүсэж байгаа бөгөөд хамгийн багадаа гэхэд цалингын хэмжээний 50 хувиар, цаашлаад 1.6 сая төгрөг хүргэх шаардлага тавиад байгаа юм. Харин энэ асуудалд Сангийн сайд болон БСШУС-ын сайд нар тайлбар өглөө.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ:
-"Сайн байцгаана уу. Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд суух ёстой байх. Асуудлаа ул суурьтай, судалгаатай цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие ч цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна.
Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайрч, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн. Цаашдаа ч ухрахгүй хийх болно. Сайн багшийн гараас сайн шавь гарч, эх орондоо ихийг хийж бүтээх иргэдийг олноор нь төлөвшүүлэх нь боловсролын салбарын эрхэм зорилго. Дангаараа миний бие цалинг нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон нийт ойлгож, хүлээж авна гэдэгт найдаж байна” хэмээжээ.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ: -
"У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон олон асуудлыг шийдэх боломжтой байсан. Засгийн газар 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана аа гэдэгт итгэж байна" хэмээжээ.
Т.Номун