Сүүлийн үед сошиал сүлжээгээр "Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.
Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх талаар заасан байдаг бөгөөд "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг энэхүү хэрэгжилтийг ханган тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг журмын дагуу олгодог.
Мэргэшсэн жолоочийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагууд эрхлэн зохион байгууулдаг тул иргэд, аж ахуйн нэгж байгуулагууд энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.
Хууль бусаар үнэмлэх гаргах талаар мэдээлэл гаргагч, зар тараасан этгээдүүд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэр хүндэд халдаж байгаа учир холбогдох хууль, хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авахуулахаар хандаад байна.
Иймд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хүсэлтэй жолооч нар сургалт явуулах эрхтэй байгууллагуудад хандан суралцаж, зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Шаардлагатай мэдээллийг Автотэээврийн үндэсний төвийн лавлах 70070016 утас болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.