Багш нарын ажил хаялтад Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулахыг хүслээ

650

 

Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар энэ сарын 3-наас өнөөдрийг хүртэл ажил хаялт зарласан хэвээр байна. Тэд хариуцлагыг Засгийн газраас нэхэхээ мэдэгдээд буй. Тэгвэл өнөөдөр "Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

133 дугаар сургуулийн багш Т.Пүрэвсүрэн "Багш нар цалингаа нэмүүлэхээр энэ сарын 3-наас эхэлж ажил хаялт зарлаад 10 гаруй хонож байна. Хамгийн гол нь боловсролын салбар дампуурч ялзран, багшаар ажиллуулах бодлого, хөдөлмөрийн үнэлэмж байхгүйгээс багш нар тэмцэж эхэлсэн. Засгийн газар багшийн цалинг 8-13 хувь нэмэгдүүлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан "хүнийг хийж буй ажил боловсрол мэргэжил, шашин шүтлэгээр гадуурхахгүй байх" гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг юм. Бага ангийн багшид тэдэн хувь, сургуулийн өмнөх боловсролын багшид тэдэн хувь хэмээн ялгаварлан олгож байгаа нь өөрөө шударга бус. Эсвэл ачааллаас нь хамаараад нэмэх хэрэгтэй. Багш нарын дэлхийн жишгийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг байхад яагаад дэлхийн жишгийн дагуу цалингаа өгч болдоггүй юм бэ. Бүр ядаж урд хойд хоёр хөршийн багш нарын түвшний цалинг авч болдоггүй юм бэ. Цаасан дээр тушаал шийдвэр болж буухаас нааш ханцуйн дотроо наймаалцах, аман тохиролцоогоор асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ. 

"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Монгол Улсын Засгийн газрын тогтоолд 2010-2021 онд багш нарын болон төрийн албан хаагчдын цалинг бодитойгоор үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Гэвч амьдрал дээр бодитойгоор хэрэгжихгүй байна. Тийм учраас багшийн цалин нэмүүлэх түр хорооноос багшийн үндсэн цалин нэмэгдэж бодитой үр дүн гарах хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байгаа. Засгийн газар 20-30 хувиар нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч хэлэлцээрийн ширээний ард суухдаа эдийн засгийн өсөлт ийм байгаа гэх маягаар тайлбар хийж аргацаасаар өдий хүрсэн"  гэв. 

Тэдний зүгээс багш нарын ажил хаялтын үр дүнд хүүхдийн сурах эрхэд сөргөөр нөлөөлж буй учир Монгол Улсын Ерөнхий сайд анхааралдаа авч энэ асуудалд даруйхан цэг тавих хэрэгтэйг анхаарууллаа. Гэвч харамсалтай нь багш нарыг нэг ч удаа хүлээн авч уулзахгүй байгаа нь Монгол улсын боловсролын салбарыг дорд үзэж, багш нарын үнэлэмжийг унагааж байгаа хэрэг. Энэ үүднээс "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос албан ёсны шаардах бичиг хүргүүлж байна гэсэн юм. 

Багш нарын ажил хаялтад Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулахыг хүслээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>