Ерөнхий сайд АНУ-д ямар ажил амжуулах вэ

675

 

Ерөнхий сайд АНУ-д ямар ажил амжуулах вэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийх айлчлал бодит болсноор тэрээр өчигдөр тус улсыг зорьлоо. "Бодит болж” гэж тодотгохын учир гэвэл Ерөнхий сайдын уг айлчлал өнгөрөгч зургадугаар сарын сүүлийн 10 хоногт товлогдоод байсан. Тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор яваад өдийг хүрсэн билээ.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар өнгөрөгч тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд АНУ-д айлчилж ирээд хийсэн мэдээллийнхээ үеэр "Өөр нэгэн чухал ярилцсан зүйл бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын АНУ-д хийх айлчлалын талаар санал солилцлоо. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зургаадугаар сарын сүүлээр хийхээр тохирсон” хэмээн мэдэгдэж байв.

Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын үеэр талууд Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах хүлээлттэй байлаа. Гэвч Ерөнхий сайд ч айлчилсангүй, компакт гэрээ ч хүчин төгөлдөр болоогүй. Харин ч бүр эсрэгээрээ компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал хойшилсон тухай мэдээлэл ирсэн. Үүний буруутан нь Монгол Улсын Засгийн газар хэмээн нэрлэгдэж байв. Учир нь хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс бэлтгэлээ бүрэн хангаагүй байсан тухай мэдээлэл яригдаад өнгөрсөн юмдаг. Ерөнхий сайдын зургадугаар сард АНУ-д хийх айлчлал хойшилсон шалтгаан үүнтэй холбоотой байж мэдэх ч өөр учир шалтгаан бас байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ айлчлал одоо бодит болж байгаа нь сайн хэрэг.  Эдийн засаг нь хөрөнгө санхүүгийн үргэлжийн гачлантай байдаг Монгол  Улсын хувьд аливаа гадаад айлчлалаас хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нь түрүүлж хардаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн утга талаас нь түлхүү хардаг. Энэ ч чанараараа энэ удаагийн айлчлалын гол үр дүнг АНУ-ын Мянганы Сорилтын сантай Хоёр дахь компакт гэрээ байгуулах төгсгөлийн шатны хэлэлцээрийг эцэслэн баталгаажуулах явдал гэж харж байна. 

Энэ хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр 350 сая ам.долларын санхүүжилт Монголд орж ирэх учиртай.  Урьдчилан тооцсоноор  буцалтгүй тусламжийн энэ хөрөнгийг Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулна гэсэн чиглэлтэй байгаа билээ.

Гадаад харилцааны яамнаас Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын талаар гаргасан албан мэдээнд дурдсанаар:

-Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна” гэжээ.

Америкийн дээд удирдлагатай уулзана гэж байгаа ч чухам хэнтэй уулзахыг нь нэрлэсэнгүй. Нэгэнт дээд удирдлагатай гэж байгаа болохоор Ерөнхийлөгч Д.Трамптай уулзана гэж ойлгогдож байна.

Түүнчлэн айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцох юм байна.

Мөн Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй  элэг нэгт монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлал үндсэндээ хоёр долоо хоног үргэлжлэхээр байгаа. Энэ үеэрээ Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэх ажээ. Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцахаар төлөвлөж байгаа гэв.

Ерөнхий сайдын АНУ-д амжуулах ажил үүгээр бас хязгаарлагдахгүй аж. Энэ айлчлалын үеэр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалт болох юм байна. Олон улсын Засгийн газрын бус байгууллага болох  социаиалист Интернационалын гишүүн гишүүн намуудын нэг нь МАН билээ.  Тийм учраас Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд энэхүү уулзалтад оролцож үг хэлэх юм.

Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын зураглал нэг иймэрхүү.

 

Эх сурвалж: Zaluu.com

М.Нэргүй

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>