Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол

675

 

Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол

 

Цахилгааны хэрэглээ, цахим орчноос хэт хамааралтай болсон энэ үед төвийн эрчим хүчний системд доголдол гарч, иргэд айдаст автсан үйл явдал өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиов. Гэртээ хоол хийе гэтэл цахилгаангүй, АТМ-аас мөнгө авъя гэсэн ч бас л ажиллахгүй, автомашинаа цэнэглэхээр ШТС ороход тэр нь ажиллахгүй. Дээрээс нь гэрлэн дохионуудын ажиллагаа зогссон тул зам дээр бөөн түгжрэл үүслээ.

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг дөрөвдүгээр цахилгаан станцад асуудал үүсэхэд дагаад "ДЦС-3” тэг зогсолтод шилжсэн. Тэг зогсолт үүсэх болсон шалтгааныг "ДЦС-4”-өөс "Технологийн горим зөрчигдсөнөөс дулааны цахилгаан станц зогссон” гэсэн тайлбар хийж, 2-10 цагийн дотор хэсэгчилсэн байдлаар цахилгаанаар хангасан юм.

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Нэг хүний мэдлэггүй байдал нь нийт системд доголдол үүсгэсэн байж болзошгүй” гэж ослын дараахан мэдэгдэв. Улмаар өчигдөр мэдээлэл хийх үедээ "Станцын үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Ерөнхий инженер хариуцдаг юм. Оны эхээр гарсан осолтой холбогдуулан Ерөнхий инженерт нь хариуцлага тооцох бичгийг ТӨБЗГ-т явуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож өгөөгүй” гэсэн өөрийгөө өмөөрсөн тайлбар хийв.

Ингэж тэг зогсолт үүссэн шалтгааныг төхөөрөмжид холболт хийж байсан нэг цахилгаанчны буруутай үйлдлээс болсон гэх урьдчилсан таамгуудыг салбарынхан нь дэвшүүлж буй. Ослын шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг "ДЦС-4” дээр ажиллаж буй аж. Дүгнэлт өнөө маргаашдаа гарна гэх тайлбар албаныхан өгч байна.

Олон нийтээрээ Эрчим хүчний салбарын асуудлыг ярьж буй энэ өдрүүдэд салбар хариуцсан сайд нь бусдаас буруугаа эрж, "ДЦС-4”-ийг удирдлагагүй явж байгаа гэж хүртэл зарлав. Учир явдлыг сөхвөл, Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг С.Анхбаярыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хуулийн шийдвэрийг өнгөрсөн хавар гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санал болгосны дагуу "ДЦС-4” ТӨХК-ийн ТУЗ-аас өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөл аймгийн харьяат А.Бямбасүрэнг үүрэг гүйцэтгэгч захирлаар түр томилсон юм байна. Тэгэхээр яг ч эзэнгүй, удирдлагаар хангагдаагүй гэж хэлэхэд бэрхтэй аж.

Албан тушаалын энэ хэрүүл яах вэ. Эрчим хүчний тэг зогсолт цаашид давтагдахгүй байх баталгаа бий юу. Ноцтой алдаа гарч, хүйтэн сэрүүний улирлаар тэг зогсолт хийсэн тохиолдол үүсч болох эрсдэл. Хувь хүн, албан байгууллага, ААН-үүдэд учирч болох хохирол гэхчилэн өчнөөн асуудлууд бидний өмнө хариулт нэхсээр үлдэв. Салбарын сайдынх нь онцолсноор "Тэг зогсолт дахин давтагдахгүй” гэсэн баталгаа байхгүй.

Өвлийн тэсгэм хүйтэн цагаар "ДЦС-4” дээр дахин ийм ноцтой асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Салбарын сайд нь эрчим хүчний асуудал гарах бүрд "Би буруугүй” гэж мэдээлэл хийсээр явах уу. Улсын онцгой хэрэглээгээ бат нягт хянаж чаддаггүй, бодлогоо оновчтой тодорхойлдоггүй энэ байдлаа эргэж харах цаг болсныг энэ үйл явдал санууллаа.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>