Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан

742

 

Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан

 

ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн хохирогч Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. 

Тиймээс Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. 

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг "Ийм хэрэг гарсанд маш их харамсч байгаа. Манай гэр бүлийн 4 дэх үе нь төрд зүтгэж байгаа ийм л гэр бүл байсан. Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаад тэтгэвэртэээ гарсан. Төрийн албанд ийм харамсалтай юм болно гэж бодоогүй төрийн албанд зүтгүүлсэн. Миний хүү нийтэч, хамт олонч, эелдэг зөөлөн. Хүний арга эвийг олдог тийм л хүү байсан. Хүү маань нас бараад сэтгэл санааны хувьд таагүй, мөн монгол ёс заншлаа бодоод өнөөдрийг хүртэл дуугүй байлаа. Энэ хугацаанд миний хүүг архидан согтуурч байгаад амиа алдсан гээд янз бүрийн л мэдээлэл гарсан. Тиймээс энэ асуудалд одоо тайлбар өгөх нь зөв байх. Миний хүү тэгэж архи дарс уудаг хүн биш. Би ч хүүгээ тэгэж хүмүүжүүлээгүй. Сэлэнгийнхэн намайг мэднэ дээ. Би огт архи уудаггүй. Хүүгээ сургууль соёлтой маш сайн хүмүүжүүлсэн. Би хоёр охин, нэг хүүтэй. Миний хүү Т.Гомбосүрэн миний удмыг залгах ганц хүү минь байсан. Хүүгийн маань хамгийн бага хүү одоо ой 4 сартай. Ачийгаа том болоход би хүүгээ аав чинь ажил дээрээ архидан согтуурч байгаад амиа алдсан гэх үү, ажлаа хийж яваад архи уусан хүмүүсийн гарт амиа алдсан гэх үү. Тиймээс энэ асуудал болгоомжтой хандахыг анхааруулж байна" гэлээ. 

Талийгаачийн авга Р..Ганхуяг "Айлд хүний хайр татсан тийм хүүхэд байдаг. Манай Т.Гомбосүрэн яг л тийм хүүхэд байсан. Миний хамгийн хайртай дүү, дөрвөн хүүхдийн эцэг төрийн албанд зүтгэж байгаад төрийн дор шургалсан харгис этгээдийн гарт амиа алдсан. Тухайн өдөр яамны гурван давхарт архидан согтуурч байсан Б.Махбал, Э.Энхбат, н.Цэцгээ зэрэг хүмүүс утсаар нь дуудаж байсан. Тухайн өдөр дүүгийнхээ барьж байсан утсан дээр бичигдэн үлдсэн бичлэгийг хүргэе. /Бичлэгт /Т.Гомбосүрэнг Махбал даргын өрөөнд ороод ир хэмээн дуудаж байгаа нь бичигджээ/". Миний дүүгийн албан тушаалыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн ажиллагаа хийж байсан нь мэдэгдэж байна. Манай дүүг хөдөө томилолтоор явсан хойгуур ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ түүний оронд Дорждагва гэгч этгээдийг томилуулахаар хүсэлтээ өгсөн байдаг. АТГ-аас энэ хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буцаасан байгаа юм. Энэ аймшигтай хэргийн маргааш би хөдөөнөөс ирж, дүүгийнхээ өрөөнд ороход өрөөнийх нь гэрэл нь асаалттай, пиджак нь сандал дээрээ өлгөөтэй, хийж байсан бичиг баримтууд нь ширээн дээр нь дэлгээтэй байдалтай байсан. Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалыг нь булаан авах гэж байсан энэ асуудалд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шударгаар шийдэж өгөхийг хүсч байна. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдгийг дахин хэлбээр байна" гэлээ. 

Талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх "Энэ хэргийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан албан тушаал булаацалдсан юм байхгүй. Хувийн өс хонзон байсан гэж худал мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлсэн. Хэргийг одоо ч шалгаж тогтоогоогүй. Энэ хэргийг зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгч ярихгүй ээ. 14 цагийн дотор шалгаж тогтоодог зүйл байхгүй. Талийгаач архинаас хол хөндий байсан олон түмэн мэднэ гэдгийг аавын үгийг би ч бас хамтран ажиллаж байсныхаа хувьд батална. Талийгаачийг ажлаа хийж байхад нь дуудаж гаргасныг нотлох баримтаар үзүүллээ. Талийгаач төрийн албаны шалгалтад тэнцсэн. Мэргэжлийн хүн байсан. Хэргийг анх БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байсан. Өнгөрсөн наймдугаар сард НЦГ-ийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан бол яг одоо ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн" гэв. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>