Тэр өдөр ЮУ БОЛОВ
ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн мэдээлэл нэлээн дуулиан дагуулж байна. Ажлын өрөөндөө архидан согтуурч байгаад хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн нь төрийн албанд байж боломгүй ноцтой үйлдэл хэмээн иргэд ихээхэн шүүмжилж байна. Тиймдээ ч энэ асуудалд ёсзүйн хариуцлагаа хүлээхээр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгөөд байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээн авсан ч төрийн сайдыг заавал УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилж, чөлөөлдөгийн дагуу түүнийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байж чөлөөлөх аж.
Гэхдээ түүний оронд Шадар сайд Ө.Энхтүвшинг ЗТХЯ-ыг түр удирдуулах шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад байгаа. Түүнчлэн тус яамны дэд сайд болон ТНБД, газрын дарга нарыг халах шийдвэр гаргасан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХЯ-ны газрын дарга нарыг халах шийдвэр гаргасан ч яг халах тушаал албажиж гараагүй байгаа гэнэ. Учир нь ЗТХЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учраас газрын дарга нарыг халах тушаалыг гаргах хүн байхгүй байгаа аж. Хэдийгээр ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилоод байгаа ч түр орлон гүйцэтгэгч нь хүн ажилд авах, халах шийдвэр гаргах эрхгүй байна. Тиймээс ТНБД албан ёсоор томилогдтол газрын дарга нарыг халах шийдвэр албажихгүй бололтой.
Тухайн өдөр яг ЮУ БОЛОВ
Тухайн өдөр Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэцэгмаа, н.Ганбаяр нар өрөөндөө архи ууж байжээ. Тэд архи ууж байгаад Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур руу залгахад Б.Артур ахыгаа гаргаж өгөхөөр ЗТХЯ-ны өөдөөс харсан "Naran plaza"-д байсан аж. Улмаар тэдний дуудсаны дагуу махны сэт аваачиж өгөн хамт хооллосон аж.
Хоол идсэнийхээ дараа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тамхилахаар ганцаараа яамны гадаа гарчээ. Түүнийг тамхилж байхад яаман дотроос Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г /талийгаач/, УБТЗ-ын Далайн тээврийн ахлах мэргэжилтэн н.Лхагвасүрэнтэй хамт яамнаас гарч ирсэн байна. Талийгаач Г, н.Лхагвасүрэн нар нь Г-ийн өрөөнд архи уусан учраас халамцуу гарч ирсэн аж.
Ингээд Б.Махбал ярилцаж зогсох зуураа талийгаач Г, Б.Махбал нар нь хоорондоо маргалдаж, нударга зөрүүлжээ. Энэ үеэр тэдний хоёр жолооч гадаа байсан бөгөөд салгахаар оролдсон ч чадаагүй байна. Тиймээс нэг жолооч нь яам руу гүйж орон Төрийн тусгай хамгаалалтын албанд хэлсэн ч тоогоогүй бүр гарч ч ирээгүй хэмээн жолооч нь ярьжээ.
Харин тэднийг зодолдож байхад хамт архи уусан газрын дарга нар яаманд өрөөнд байсан аж.
Б.Махбал нь талийгаач Г-г цохиход тэрбээр хойшоо савж унажээ. Ингэхдээ тархиндаа хүнд гэмтэл авсан байж болзошгүй, эсвэл Б.Махбал нь талийгаачийг өшиглөхөд талийгаач тархиндаа харвалт авсан байж болзошгүй хэмээн урьдчилан таамаглаж байгаа аж. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас чухам яг ямар гэмтэл авч нас барсаныг урьдчилан хэлэх боломжгүй байгаа юм байна.
Удалгүй цагдаа, түргэнийхэн ирсэн боловч талийгаач Г хэдийнээ амьсгал хураасан байжээ.
Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Зодоон болж байгааг мэдсэн хэрнээ туслаагүй ТТХГ-ынханд ямар хариуцлага тооцов
Магадгүй Төрийн тусгай хамгаалалтын газрынхан тэр даруй арга хэмжээ авч зодооныг зогсоосон бол өнөөдөр хүний амь эрсдэхгүй байх ч байсан юм билүү гэх горьдлого олон нийтийн дунд одоо ч бий. Тиймдээ ч Төрийн тусгай хамгаалалтын газрынханд заавал хариуцлага тооцох ёстой хэмээн шүүмжилсээр байсан. Тэгвэл өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Ийнхүү архины халуундаа хүний аминд хүрсэн Б.Махбалаас болж, нэг хүн амь насаараа хохирч, өчнөөн хүн ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаасаа халагдаж байна.
Б.Анир