Хахуулийн 1.3 сая ам.доллароо хамгаалалттай байранд хадгалж байжээ

822

 

 

Хахуулийн 1.3 сая ам.доллароо хамгаалалттай байранд хадгалж байжээ

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очир, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ тэргүүтэй хууль сахиулах байгууллагынхан, ГИХГ-ын дэд даргаар хэсэг хугацаанд ажилласан, цагдаагийн офицер асан, манай улсын иргэн Мөнх-Очир, Жаргалан болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй нь олны анхаарал татаад байгаа.

Тэгвэл энэ хэрэг Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хамгийн их хэмжээний бэлэн мөнгө хурааснаараа бас анхаарал татах болов. АТГ үйл ажиллагаа явуулсан 10 гаруй жилийн хугацаанд, түүнээс өмнө цагдаагийн байгууллагынхан бэлэн 1.3 сая ам.доллар буюу гурван тэрбум 302 сая төгрөг хурааж байсан тохиолдол үгүй юм билээ. Хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжид ажилладаг гэх хоёр иргэний гэрээс уг ам.долларыг хураасан аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт холбогдсон цагдаагийн офицеруудынхаас тэр мөнгийг хураасан гэж буй ч үүнийг АТГ-ынхан няцаасан. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "ШШҮХ-гийн шинжээчид худал дүгнэлт санаатай гаргасан хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Үүнд авлига, хээл хахуулийн шинжтэй зүйл тогтоогдсон учраас цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн.

Энэ хэрэг дээр ШШҮХ-ийн зарим шинжээчдийг авлигын хэрэгт яллагдагчаар татан цагдан хорьж байгаа. Авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа. Мөн Авлигын хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй” гэж мэдээлсэн.

Бидэнд олдсон мэдээллээр дээрх 1.3 сая ам.долларыг Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх "220к резиденс” байрыг түрээсэлсэн, уг хэрэгт холбогдоод буй жирийн хоёр иргэний гэрээс хураасан юм байна. Уг байр нь харуул хамгаалалт өндөртэй, хурууны хээ мэдэрч хаалга нь нээгддэг бөгөөд нэлээд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн АТГ-ынхан уг мөнгийг олж авсан гэнэ. Тэр их хэмжээний мөнгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл булаацалдаж буй хятадууд цагдаа, шүүх, прокурорынхонд өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахаар оролдлого хийхээс өмнө баримтжуулан хурааж авсан байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаан манай хууль сахиулах байгууллагынхныг талцуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн орд газрын лицензийг эзэмшигч хятадууд, шинээр хөрөнгө оруулж, худалдаж авсан өмнөд хөршийн иргэд хоорондоо муудалцаад байгаа бөгөөд нэгнийгээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, нөгөөдүүл нь хуурамч гарын үсэг зурсан хэмээн хариу гомдол мэдүүлж, эцэст нь цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэр холбогдсон юм.

Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд үүнийх нь илрэл болсон 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ. Дээрх мөнгөнөөс ганда өчигдөр дахин нэг төмөр шүүгээ (сейф) хураан авсан бөгөөд түүнд нь багагүй хэмжээний мөнгө байгааг бас эд мөрийн баримтаар хураан авахаар болсон аж.

Монголын газрын доорх баялгийг булаацалдсан хятадуудын маргаанд манай хууль сахиулах байгууллагынхан ийнхүү оролцож хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй. Үүнээс өмнө Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа, Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, "Белон” компанийн захирал Р.Баатархүү тэргүүтэй хүмүүс Ховд аймаг дахь ашигт малтмалын ордтой холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгуулах болсон.

Ийнхүү цагдаа, мөрдөн байцаах байгууллага, ШШҮХ-гийн эрх бүхий албан тушаалтнууд хахуулийн хэрэгт холбогдоод байхад хариуцсан яам, агентлагийнхан нь юу ч болоогүй мэт байгаа нь хачирхалтай. Уг нь энэ оныг сахилга хариуцлагын жил болгон зарлаж, хууль зөрчигчидтэй хатуухан ярихаа мэдэгдсэн ч ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнуудаас өөр хариуцлагаа ухамсарласан эрх мэдэлтнүүд алга.


Эх Сурвалж: Өнөөдөр.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>