Ж.Мөнхбат: МАН-д Б.Махбал гэж хүн байсныг мэдэхгүй

723

 

 

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бол одоо үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүний аминд хүрсэн гээд байгаа Б.Махбал гэж хүний тухай хэдэн үг хэлье. МАН-д Б.Махбал гэсэн хүн байсныг мэдэхгүй. Ямар ачтай буянтай хүн гэхээрээ бүх нам, бүх төрийн нүүрэнд дарга хийж явдаг байна аа. ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарт хэлье. Тэр Б.Махбалаа ажлаас нь халаарай. Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө "Би газрын дарга болно. Надтай аяаарай гэж яриад явж байсан байгаа юм. Ёстой ялзрал. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэлье. Тэр хэргийг зөв зүйчлээрэй. Бараг талийгаачийн буруу мэтээр зүйлчлэгдсэн байгаа юм. Шударга ажлаарай"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Кабинетээр нь хариуцлага тооцмоор байна. Болдог бол зайлуулмаар 7-8 сайд байна. Нэг сайдаа ацаглачихаад байж болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа хэрэг дэлхийд байхгүй байх. Ардчиллаар яваад 28 жил боллоо. Ардчилал нэрийн дор юу ч хийж болох юм шиг явсны гай л даа. Г.Занданшатар дарга та асуултандаа бодож хариулаа. Инээгээд байх юм. Инээж биш гуниглаж, харамсч, эмзэглэж хариулах ёстой "

2018.10.04 10.55 цаг 

Н.Оюундарь: ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх эрх ЗГ-т биш УИХ-д л байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа. 

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ж.Бат-Эрдэнэ сайдыг чинь огцруулчихаагүй юм уу. Ерөнхий сайд чинь хэвлэлийн хурал хийж байгаад л огцруулчихлаа гэж яриад байсан биздээ. Би УИХ-гүй болчихсон юм байх гэж бодсон. Яамдуудын ТНБД нараа яагаад жинхлэхгүй байгаа юм бэ. Хариуцлагын тогтолцоо гэж алга. Хот нийтээрээ тоггүй боллоо яагаад хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Улаанбаатараас Дархан хүрэх зам маш хэцүү байна. Ийм асуудалд хариуцлага хүлээх юм байх гэж бодтол хүн амины хэрэгт хариуцлага хүлээж байна. Журмаараа ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. ЗГХЭГ-ын даргыг гал тогоо мана гэж тавиагүй. Машин дээр наалт нааснаараа хариуцлагатай болчихгүй. Бүх төрийн алба өнөөдөр замбараагүй болчихсон байна. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болж байна. Ж.Бат-Эрдэнэ сайд тэр хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу, төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой"

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Та буруу ойлгосон байна. ЗТХ-ийн сайд ёсзүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө гаргасан. Энэ дагуу өнөөдөр асуудлыг хэлэлцэж байна. Цахилгаан станц дээр болсон хэрэг явдлууд, гарсан ослын улмаас хариуцлага тооцох ажлын хэсэг гараад ажиллаж байна. Төрийн албанд болж буй асуудлууд нэг өдөр л гарчихсан юм биш. Гай газар дороос л гэгч болсон. Төрийн албаны шинэчлэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сайд өөрт нь хамааралгүй ч ёсзүйн хариуцлагаа хүлээж шинэ жишиг тогтоохоор өргөдлөө өгсөн"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сайд хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ эвдэрхий замнаас болж хариуцлага хүлээх ёстой. Шинэ жишигийг та яагаад эхлүүлж болохгүй гэж. Энэ асуудалд Ж.Бат-Эрдэнэ сайд биш та хариуцлага хүлээх ёстой. Та ичихгүй, санаа зовохгүй байна уу. Таны өргөдлөө өгөхийг хүлээж байна"

УИХ-ын гишүүн Л.Болд "Аль өнгөрсөн наймдугаар сард ЗТХ-ийн сайд өргөдлөө өгчихөөд байхад бид хоёр сарын дараа дөнгөж чөлөөлөх асуудлыг ярьж байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Үндсэн хуулийнхаа дагуу дараагийн сайдыг томилоод явах ёстой байсан. Тэгсэн бол одоо ЗТХ-ийн сайд замын ажлаа эхлүүлээд явж байх ёстой байсан. Яаж Үндсэн хуулийнхаа дагуу ажлаа хийж, хариуцлагаа тооцдог болох вэ. Г.Занданшатар сайд хариуцлага ярихаар бусад руу чихээд суугаад байх юм. Эцэс сүүлдээ бичиг цаасны хугацааны асуудал яриад, Ерөнхийлөгч рүү чихээд сууж байна"

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Ер нь төрийн алба тогтвортой байх ёстой. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг. ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн хохирогч Т.Гомбосүрэн гэж Сэлэнгэ аймгийн залуу байна. Энэ залуу их даруу төлөв. Айлын голомт залгах ганц хүү байсан. Эхнэр нь наадмаар одонгоо авчихаад одонгийн найраа хэзээ хийх үү гээд л явж байсан айл. ЗТХЯ-нд гарч байгаа үйл явдлыг золгүй явдал гэж үзэж болохгүй. Б.Махбалын хувьд дөрөв, таван компанитай. 10-аад ашигт малтмалын газрын лицензтэй. Төрсөн хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй. Хэчнээн ч олон машинтай" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Тэр Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал нь талийгаачийг 7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг тогтоож чадахгүй байгаа юм бэ. 9 удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тавуулаа байж байгаад нэг хүнийг бүлэглээд зодоод алчихсан байж, одоо талийгаач таван хүн бүлэглэж байгаад санамсаргүй өнгөрсөн болж хувирах гээд байна. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л болох гээд байна"

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>