Багш нарын баяраар АТГ нэгдүгээр сургуулийн захиралд “барьсан бэлэг”

868

 

Багш нарын баяраар АТГ нэгдүгээр сургуулийн захиралд “барьсан бэлэг”

 

 

Өнөөдөр Олон улсын багш нарын баярын өдөр тохиож буй. Харин энэ өдөр АТГ-аас онцгой нэгэн бэлгийг барилаа. Учир нь гэвэл өчигдөр орой Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэг баривчлан саатуулсан байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг ажлын албан өрөөндөө бусдаас авилгал авч байх үеэр буюу үйлдэл дээр нь барьж авсан аж. Түүнийг тус сургуульд нэгдүгээр ангид элсүүлэх хүүхдээс болон шилжүүлэн авах тохиолдолдоо бусдаас хээл хахууль авдаг байсан хэмээн үзэж түүнд Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн нээсэн гэнэ. Түүнчлэн түүнд хахууль өгсөн иргэнтэй хамт цагдан хорьсон байна.

АТГ-аас өнгөрсөн сард сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ "Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явцтай газар дээр нь танилцсан. Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамааран элсэлтийн бүртгэл нь хамран сургах тойргийн маргаан болон бусад асуудлын талаар гомдол их байсан. Тухайлбал, Нэгдүгээр сургуулийн хамрах хүрээнд харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байсан. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл их байсан. Жишээлбэл, Улсын тэргүүний нэгдүгээр сургууль энэ хичээлийн жил нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй зургаан бүлэг хичээллэх ёстойгоос БСШУСЯ-ын цохолттой 41 хүүхэд байсан. Мөн уг сургуулийн хамрах хүрээнд амьдарч буй эсэхээ нотлох шилжиж ирсэн, эсвэл оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй байгаа 58 хүүхэд байсан аж. Үргэлжлүүлэн бүртгэл элсэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн шалгана” хэмээсэн билээ.

Үргэлжлэн шалгах учир Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэгхээл хахууль авч байх тухайн үйлдлийг нь баримтжуулан баривчилсан нь энэ ажээ. Тус хэрэг одоогоор прокурорын зөвшөөрөлгүй тул АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байсан юм.


Бэлтгэсэн Т.Номун

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>