Э.Содномпилжээ шилдэг тамирчинд нэр дэвшлээ
Олон улсын Паралимпийн хорооноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулж байгаа билээ. Өнгөрөгч аравдугаар сарын шилдэг тамирчныг тодруулах санал асуулгад АНУ, Япон, БНСУ, Узбекистан, Монголын тамирчид багтжээ. Энэ удаа пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ "Жакарта 2018” Азийн Пара наадмын аварга болсон амжилтаараа нэр дэвшсэн байна. Тэрбээр пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэнээс гадна дэлхийн рекордыг 244 кг-аар шинэчлэн тогтоосон юм. "Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн рекорд амжилтыг эзэмшигч гавьяат тамирчин Э.Содномпилжээг дэмжин https://www.paralympic.org/ вэб сайт руу орж саналаа өгөөрэй. Энэхүү санал хураалт арваннэгдүгээр сарын 8-ны өдөр өндөрлөж, шилдэг нэг тамирчныг тодруулах гэнэ.