Б.БАТЗОРИГИЙГ “ДАН ДЭЭЛ” Ч ҮГҮЙ ҮЛДЭЭХ ҮҮ?

818

Б.БАТЗОРИГИЙГ “ДАН ДЭЭЛ” Ч ҮГҮЙ ҮЛДЭЭХ ҮҮ?

 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудал парламентад хоёр хувилбартайгаар орж ирлээ. Түүний ЖДҮХС-гаас “Тээвэр ачлал” компаниараа дамжуулан 1.4 тэрбум төгрөг зээлсэн асуудал олон нийтэд ил болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт Б.Батзориг мэдэгдэл хийж, сайдын ажлаа өгөхөөр болсон байдаг.

Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн зүгээс ч салбарын сайдад нь нэн тэргүүнд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн бололтой. Тэгвэл өчигдөр Засгийн газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлж байна” гэжээ. Энэхүү бичгийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболд гардуулсан.  Энэ асуудлыг өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжиж өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон байна.

Тэгвэл дараагийн хувилбар нь Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай юм. Ийм утгатай хүсэлтийг өчигдөр прокурорынбайгууллагаас УИХ-д ирүүлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд өнөөдөр бүлгээр хэлэлцэж тодорхой шийдэлд хүрч, ирэх лхагва гаригт УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу маргааш гэхэд Б.Батзориг давхар дээлээ тайлж, дан дээлтэй үлдэх үү. Бүр “дан дээл” ч үгүй болох магадлалтай байна. Тэрээр “давхар дээл”-тэй цөөн гишүүдийн нэг.

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах асуудалд гар бие оролцож, гарын үсгээ зурж явсан. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байсан юм. Б.Батзориг МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг ч хааяа нөгөө талын асуудлыг дэмжих нь бий. Ер нь МАН дотроо олон фракц дамжсан улстөрч гэж яригддаг. Бүр хамгийн сүүлд гэхэд эрх баригч намд “Их 10”-ын тухай яригдаж эхлэхэд Б.Батзоригийн нэр ч дотор нь явж байсан гэдэг.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр дахь сайд ажлаа өгч, парламентаас хоёр дахь гишүүнийг сугалах нөхцөл байдал үүсээд байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>