“Эрүүл хүүхэд-эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн эхэллээ

732

“Эрүүл хүүхэд-эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа “Эрүүл хүүхэд-эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, сувилагч нийт 800 хүн оролцож байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. 2015 онд Дэлхий нийт “Тогтвортой хөгжлийн зорилт”-оо хэлэлцэн баталж, 2030 онд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдэл  гаргасан. Бүх улс орнууд нярайн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон.

Монгол улс дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хүлээн авч, илүү том зорилт тавин ажиллаж байна. 2030 он гэхэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар 5 хүртэлх насны  хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 16,7, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 13,6 байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна. Төрсний дараахь 0-6 хоногтойдоо эндэж байгаа тохиолдол 70 гаруй хувьтай байгаа нь нярайн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтоо бодит ажил хэрэг болгохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр үр дүнтэй аргачлал, арга хэмжээг, тухайлбал “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”-г үр дүнтэй хэрэгжүүлэх, амьсгал хямралын гачаалыг эмчилж нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулахаар ажиллаж байна.

 Хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  эмч, эмнэлгийн мэргэжилтэнг гадаад, дотоодын сургалтад багаар нь сургахад Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 255 дугаар тогтоолоор батлууллаа.
Хүүхэд эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах хууль, эрх зүйн цогц орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”-ийн төслийн талаарх хэлэлцүүлгийг ойрын үед хийх гэж байна.

 Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд сүүлийн 4 жилийн хугацаанд тухайлбал 2014 онд 32 тэрбум төгрөг, 2015 онд 38 тэрбум, 2016 онд 40 тэрбум, 2017 онд 43 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 онд 46 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.  2014 оныг 2018 онтой харьцуулахад санхүүжилт 30,5%-иар нэмэгдсэн байна.


 Сэтгэл эмзэглүүлж  байгаа нэгэн асуудлыг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Осол гэмтлийн улмаас хүүхэд эндэж байна. 2018 оны 09 дүгээр сарын байдлаар нийт нас барсан хүүхдийн 14,1% нь осол гэмтлийн шалтгаантай байна. 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон өөрчлөлтүүд нь зам, тээврийн осол, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангахад үр дүн өгнө гэсэн хүлээлттэй байна. Үүний зэрэгцээ тогтвортой мэдээлэл, сэрэмжлүүлэг шаардлагатай гэж үзэж нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр системтэй үйл ажиллагаа явуулах бодлого төлөвлөгөө, тооцоо судалгааг яамны Нийгмийн эрүүл мэндийн газар хийж дуусч байна. Үр дүнтэй, чанартай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадвал эх, хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг мэргэжилтнүүд хэлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>