Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж, олонхийн шуурганд уруудах уу

668

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж, олонхийн шуурганд уруудах уу

 

Ардчилсан намынхан гэж тэрүүгээр явсан гайг дуудаж гэртээ оруулаад өөр хоорондоо, өвөр түрийндээ зодолддог хачин хүмүүс юм аа. МАН-ын дотоодод үүссэн хуй салхинд ингэтлээ бөмбөрнө гэж хэн санах билээ дээ.  

Даваа гарагийн өглөө АН-ын дарга даамалууд аль хөл дээрээ босчихсон юм бүү мэд, өнөөгийн улс төрд жинхэнэ солгой хоолойгоор уянгалж эхлэв.  Засгийн газрыг дэмжсэнийх нь төлөө УИХ дахь бүлгийнхээ гурван гишүүнээр туг тахьчихлаа. Нэгийг нь намын гишүүнчлэлээс хасч, нөгөө хоёрыг  намаасаа нэр дэвших эрхийг нь хасчихаж байх юм. Намын удирдлагуудын гишүүддээ хандсан энэ сануулга тун хэмжээ нь хэтэрч эргээд парламентад суудалтай сөрөг хүчний хувьд гавьяа биш гай барцад л авчирч байна.

УИХ-д угаас цөөхөн хүнтэй дөнгөж данган бүлгийн хэмжээнд байсан 9 гишүүнийхээ нэгийг намаасаа шар шувталчихаж байгаа болохоор 8 гишүүнтэй үлдсэн. Гэтэл сонгох эрхээ хасуулсан Л.Болд  гишүүн бүлгээсээ гарна гэдгээ бичгээр мэдэгдэв. Салхи буруу эргэж байгаа нь энэ. Байдал эвгүйдсэн болохоор бүлгийн дарга Д.Эрдэнэбат түүний энэ хүсэлтийг хүлээж авахгүй, “бүлэг тарахыг хэн нэгэн амныхаа зоргоор яриад тараачихдаг юм биш” гэж мэдэгдэж энэ асуудлаар тайлбар авахаар бүр Улсын Дээд Шүүхэд хандаад байгаа. Тэвдэж л байна даа.

Гэвч тусыг эс олж, бүлэг Л.Болд гишүүний зүгээс дахин хариу цохилт аваад байна. Эрхэм гишүүн 30 шахам жил босгыг нь элээж “боорцог”-ийг нь хүртэж байсан АН-ын гишүүнээс гарч байгаагаа мэдэгдлээ. “Эрдэнэ”-үүдийн өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр бууж байгаа нь энэ. Ардчилсан намын удирдлагуудын гаргасан зөрчилтэй шийдвэр парламентийн сөрөг хүч гэсэн тэр имиж илэрхийллийг нь үгүй хийж, бүлгээ жинхэнэ утгаар нь “шүдгүй арслан” болгосон. Тэр шүдгүй арслан удаан амьдрах янзгүй болчихлоо.

Хууль журмаар бол УИХ-д 8-аас доошгүй суудалтай нам эвсэл бүлэг байгуулж ажиллах учиртай. Гэвч УИХ-ын тухай хуулийн 28.1.3-д  гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан доод хязгаарт хүрэхгүй болсон бол бүлэг тарах тухай заалт цагаан дээр хараар бичигдсэн байгаа. Үйл явц ийм л зарчмаар үргэлжилнэ.

Тэгэхээр одоо АН-ын хувьд бүлгийн хэмжээнд ажиллах эрх зүйн үндэс боломж нь үгүй болж байна гэсэн үг.

Гэхдээ энэ бол ганцхан АН-ын дотоод асуудал бус Монголын улс төрд гарч буй гарз гэж харах нь зөв байх.  Учир нь сөрөг хүчин бүлгийн хэмжээнд ажиллана гэдэг бол товчхондоо дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх тэр боломжоо алдаж байгаа юм. Энэ хэрээр хууль тогтоох байгууллагад сонгогдсон Ардчилагчдын дуу хоолой, өнгө төрх сонгогч олны дунд аяндаа алдарч эхэлнэ.

Бүлэггүй болсноор АН-аас сонгогдсон гишүүд ямар боломжоо алдах вэ?

Юуны түрүүнд тэд  сөрөг хүчний байр сууриа алдана. Ингэснээр аливаа асуудлаар бүлэг хуралдах боломжгүй болж хууль тогтоомжид санаа оноо, хүч боломжоо нэгтгэж хэлэлцүүлэгт нөлөөлж чадахааргүй болж байна.

Бүлэг нь хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх эрхтэй байдаг. Ийм том боломж, хариуцлагаа гээнэ гэсэн үг.

Ингэснээр тэдний санаа онооны үнэ цэнэ алдагдаж, хууль батлах үйл явцын оюун санааны оролцооны гадна гээгдэж хоцорч мэдэх юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийн шинэчлэлт гээд агуулга ач холбогдлоороо Монголын улс төр, нийгмийн амьдралд чухал нөлөөтэй суурь хуулиудыг удахгүй хэлэлцэх гэж байгаа улс төрийн ийм хариуцлагатай цаг үед парламент сөрөг хүчингүй  болж байгаа нь том зургаараа Монголын улс төрийн эмгэнэлтэй гэмээр дүр төрх юм.

Бүлгийн гарт байдаг өөр нэг том боломж нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулах эрхтэй байдаг. Түүнчлэн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын төлвөлөгөөнд  өөрчлөлт оруулах санал гаргах, дарааллыг тогтоох зэрэгт нөлөө бүхий оролцоотой байдаг. Хэрэв бүлэг тарвал ийм боломж тэдний гарт эргэж ирэхгүй.

Уг нь АН-ын бүлэг хуулийн хэлэлцүүлэгт хариуцлагатай оролцдог, анхаарал татсан асуудлууд дээр завсарлага авдаг, тэдний дуу хоолой нийгэмд тод томруун сонсогддог байсныг дурдах нь зөв байх. Харин одоо тэд энэ боломжоо өөрсдийнхөө гараар үгүй хийж байна.

Шоглоом ч гэх үү, тоглоом ч гэх үү өнөөгийн АН-д тодорч буй зураглал 2012оны сонгуулийн дараах тэр үеийн сөрөг хүчин МАН-ын дүр төрхийг эргэн санагдуулах шалтгаан болов. Тэр үед шинээр сонгогдсон УИХ цаг тооллоо эхэлж байх тэр үед “Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” гэсэн заалтыг хангаагүйнхээ төлөө МАН-ын гишүүд бүлэггүй хоцорч байсан жишээ бий. Бүлэггүй байсан болохоор тэд УИХ-ын Байнгын хороонд ч орж чадаагүй юм даг.  Цаг хугацааны эргэлтэд тэр жишиг өнөөгийн сөрөг хүчин АН-ын бүлэгт эргэж ирэх гэж байгаа юм биш биз.  Гэхдээ яахав, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж үг бий дээ.

Г.Хантулга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>