ПРОЦЕСС: АН-ын бүлгийг хэзээ тараах "кноп" нь Д.Эрдэнэбатын гарт

610

ПРОЦЕСС: АН-ын бүлгийг хэзээ тараах "кноп" нь Д.Эрдэнэбатын гарт

 

Улс төрд үүсээд байгаа бас нэг ээдрээ нь УИХ дахь Ардчилсан Нам бүлэгтэй байгаа юу, бүлэггүй болсон уу гэх ээдрээ юм.

Өнгөрсөн өдрүүдэд  тус намын уирдлагууд Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийн байр суурийг дагаагүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг бүлгээсээ хөөх шийдвэр гаргасан. Мөн Л.Болд, Д.Мурат нарыг  АН-аас төрийн сонгуульд 4 жилийн хугацаанд нэр дэвших эрхийг нь хязгаарласан юм. Үүний араас намынхаа гаргасан шийдвэрт "гомдсон" Л.Болд гишүүн намын гишүүнчлэлээсээ татгалзсанаараа  АН-ын бүлэг 7 хүнтэй болж, бүлэг 8-аас доошгүй гишүүнтэй байх хуулийн заалтыг хангаж чадахгүйд хүрч байгаа юм.

Энэ тохиолдолд бүлэг хэрэг дээрээ оршин тогтох уу гэсэн асуулт хүлээж байгаа юм. Харин УИХ-ын тухай хуульд бүлэг тарах асуудлыг хэрхэн зохицуулсаныг харвал:

28.1. Дор дурдсан тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно:

 28.1.1. бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;

 28.1.2. энэ хуулийн 6.6-д заасан үндэслэлээр орон гарч нөхөн сонгууль явуулсан боловч тухайн нам, эвсэл суудал авч чадаагүйгээс бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 26.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;

 28.1.3. гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан доод хязгаарт хүрэхгүй болсон.

 28.1.4. бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан гэсэн хуулийн зохицуулалт байна. Тэгэхээр хуулийн энэ зохицуулалтаас харвал 28.1.3.-д дурдсан  заалтаар бүлэг тарах нөхцөл байдал үүсчихсэн мэт.

Гэвч бүлэг тарах  процесс нь онцлогтой юм байна. Бүлгийг мөн хуулийн 26.4-д заасны дагуу “Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох” заалт байгаа юм.  

Мөн хуулинд “Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Тэгэхээр бүлэг тарах явц нь мөн анх байгуулагдсан шигээ процессоор явагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ж.Батзандангаа хөөж, Л.Болдоо алдсан ч АН-ын бүлгийн оршин тогтох хувь заяа бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гарт байгаа юм. Тэрбээр, уг асуудлыг хөндөж УИХ-ын даргад өргөн бариагүй тохиолдолд АН-ын бүлэг "дутуу алуулсан могой шиг" үлгэн салган байдлаар ч хамаагүй 2020 хүртэл гэлдрэх бололтой.

Тийм ч учраас бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бүлэг тарахыг хэн нэгэн амныхаа зоргоор яриад тараачихдаг юм биш" гэх зэргээр хэвлэлд тайлбар өгч буй биз. Ер нь ч АН ганцхан жил шахуу хугацаанд нэр төдий бүлэгтэй байсан, байгаагүй бараг ялгаагүй дээ. Гол нь л хуулийн процесс хэрхэн үргэлжлэх вэ гэдэг л байна.

М.Нэргүй

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>