АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

860

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

 

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавыг /1939-2018 он/ өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.

Их найрагчаа сүүлчийн замд нь үдэх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортын алдартнууд оролцож, хүндэтгэл үзүүлж, гэр бүл төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ.

Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1947-1952 онд сумынхаа бага сургуульд суралцаж, улмаар 1953-1954 онд Улаанбаатар хотод Нийслэлийн 3-р дунд сургууль, 1954-1958 онд Налайх дүүргийн 9-р дунд сургуульд суралцаж төгсөөд, 1958-1963 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэжээ.

Тэрбээр Монголын Радио, телевизэд сурвалжлагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч, Залуу зохиолчдын зөвлөл, Яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын телевизэд дадлагаар ажиллаж ирээд 1979 он хүртэл Монгол телевизэд, 1979-1981 онд ЗХУ-ын Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсчээ.

Энэ хооронд Монголын радио телевизэд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байгаад 1986-1988 онд МХЗЭ-ийн илгээлтээр Сэлэнгэ аймагт ажиллаж, улмаар 1990 оноос Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.

Ш.Сүрэнжав нь 1990 онд Ардын Их хурлын депутат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв.

Түүний “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис”, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, Гоож-Нан-аа дуулалт жүжиг, “Аравдахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.

Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртээж, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, зарчимч чанар, суут бүтээлүүд, Монголын уран зохиолын төлөөх зүрх сэтгэл нь түмэн олноо үүрд дурсагдах болно.





Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>