Тавантолгойн цахилгаан станц 2023 онд ашиглалтад орно

877

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Рио Тинто” компанитай Тавантолгойд 300 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр, “Засгийн газраас “Рио Тинто” компанитай Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах, Тавантолгойд цахилгаан станц барих асуудлаар хэлэлцэл хийсэн. Энэ хүрээнд дулааны цахилгаан станц барих гэрээг боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гэрээнд Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар тусгасан юм.

Ингэснээр Монгол Улс өмнийн бүсэд байрлах Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон орд газруудаа эрчим хүчээр хангах түүхэн шийдвэр гарлаа. Удахгүй цахилгаан станц барих санхүүжилтийн гэрээ, ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх зэрэг ажлууд эхэлнэ. Одоогоор Оюутолгой компани БНХАУ-аас жилд 100 мВт цахилгаан эрчим хүчийг 160-170 сая ам.доллараар худалдан авч байгаа. Ирэх оноос тус ордын эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг Монгол улсаас худалдан авах тухай Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжиж эхэлнэ. Эхний ээлжинд 20 хувийг хангах боломжтой гэж үзэж байгаа. 2023 онд Тавантолгойн станц ашиглалтад орсноор тус ордын эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, дээрх мөнгийг дотооддоо үлдээх боломж бүрдэх юм” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>