Ким Кён Хиг залилан хийсэн, хахууль авсан хэргээр баривчлагдлаа
Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр (2025.08.13) ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Кён Хиг баривчлах шүүхийн захирамж гаргасан байна. Түүнийг хувьцааны ханшийг зохиомлоор өсгөсөн, улс төрийн процесст хөндлөнгөөс оролцсон, мөн хахууль авсан гэж буруутгаж байна. Энэ бол Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа ерөнхийлөгч асан болон тэргүүн хатагтай хоёулаа шоронд хоригдож буй тохиолдол юм. Юн Сук Ёл одоогоор төрийн эргэлтийн хэргээр хоригдож байгаа. Прокурорын мэдээлснээр, Ким Кён Хи мөрдөн байцаалтын үед зөрүүтэй мэдүүлэг өгснөөс гадна баримт устгах, бусадтай мэдүүлгээ тохиролцох магадлалтай гэх үндэслэлээр баривчлагдах болсон. Улмаар Ким Кён Хи Сөүл хотын Намбугийн саатуулах төвд шүүхийн шийдвэрийг хүлээж байсан бөгөөд шийдвэр гармагц шууд баривчлагдсан.
Тодруулбал, Ким Кён Хи "Deutsche Motors" компанийн хувьцааны үнийг зохиомлоор өсгөхөд оролцсон гэж буруутгагдаж байна.
Энэ нь Хөрөнгийн зах зээлийн тухай хуулийг зөрчсөн хэрэг. Мөн 2022 оны нөхөн сонгуулийн үеэр нөхрийнх нь намын нэр дэвшигчдийг сонгох үйл явцад нөлөөлсөн гэж буруутгаж байгаа нь улс төрийн хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Түүнийг Гончжин гэх нэртэй бөө, мөн Нэгдлийн Сүмийн холбогдолтой хүмүүстэй холбоотойгоор хахууль авсан гэж сэжиглэж байгаа юм. Энэ нь Хүнд гэмт хэрэгт онцгой ял оногдуулах тухай хуулийг зөрчсөн гэж тооцогдож байна. Үүнээс гадна, Ким Кён Хигийн эсрэг гарсан нэг чухал нотолгоо байгаа нь "Van Cleef & Arpels" брэндийн тансаг хүзүүний зүүлт юм. Тэргүүн хатагтай асан мэдүүлэг өгөхдөө, тус хүзүүний зүүлтийг "Seohee Construction" гэдэг барилгын компани нөхрийг нь ерөнхийлөгч болсны дараа бэлэглэсэн гэжээ.
Тэрбээр уг тансаг зүүлтээ 2022 оны НАТО-ийн уулзалтын үеэр зүүж очсон.
Мөн мөрдөгчид сүүлд яг ижилхэн хуурамч зүүлтийг түүний гэр бүлийн хүнийд олсон байна. Улмаар Ким Кён Хи мэдүүлгээ өөрчилж, уг тансаг зэрэглэлийн зүүлтийг 2010 онд Хонг Конгод худалдаж авсан гэж мэдүүлсэн. Гэвч уг загвар анх 2015 онд гарсан болох нь тогтоогдсон байна. Энэ мэтчилэн хуурамч мэдүүлэг өгсөн тул прокурорууд Ким Кён Хиг өөр оролцсон байж болзошгүй бусад хэрэг дээр давхар мөрдөн байцаах төлөвтэй байна. Ким Кён Хи шүүх хурал дээр дуугүй сууж, дараа нь сэтгүүлчдийн асуултад хариу өгөөгүй байна. Харин өмгөөлөгч нар нь түүнийг гэм буруугүй, зугтах эрсдэлгүй, эрүүл мэнд муутай гэж мэдэгджээ.