2019 оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх онцлох хуулиуд-1

508

2019 оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх онцлох хуулиуд-1

 

Өнөөдрөөс /01.01/ эхлэн хэрэгжих нэг чухал хууль нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.   Гурав дахь удаагаа шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 23  бүлэг,  77 зүйлтэй.  Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж байна.

Эдгээрээс хамгийн чухал нь төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага гэж болно. Тодруулбал,

  • Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарах бөгөөд төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарах бөгөөд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарах бөгөөд төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байхбөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлага тавьж байгаа юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өснө

2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  нэг хувиар нэмэх юм. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулахаар заасан бөгөөд 2019 оны эхний өдрөөс эхлэн бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өснө. 2017 онд бид нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, энэ онд 11 хувийг төлж байгаа бол ирэх оноос эхлэн 11.5 хувийг төлөх юм.

Нэг хоёрдугаар анги туслах багштай болно

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль зургаан бүлэг 18 зүйлтэй. 2018 оны зургадугаар сард баталсан уг хууль өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багшид үйлчилнэ. Хуулийн онцлох заалтаас дурдвал багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байх ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно гэх заалтууд юм.Мөн бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байх бөгөөд үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулах юм. Багшийн хөгжлийн төвд тавигдах шаардлага, ажиллах үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

 

Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>