|
Видео

Шинэ мэдээ

Жирэмсний амралттай байх хугацаанд дахин жирэмсэлбэл тэтгэмж авах уу?

Жирэмсний амралттай байх хугацаанд дахин жирэмсэлбэл тэтгэмж авах уу?

 

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Мэргэжилтэн Б.Баярбатаас тодрууллаа. 

 

-Нийгмийн даатгалыг хэдэн сараас дээш хугацаанд төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй болох вэ?

-Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх ёстой. Мөн үүнээс сүүлийн 6 сард нь нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй болдог. 

-Хөдөлмөрийн хөлснийхөө хэдэн хуваариар тооцож, тэтгэмж авах вэ? 

-Албан журмын даатгуулагчийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцон 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгодог. 

Харин сайн дурын даатгуулагчийн хувьд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Мөн даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа тухайн эмнэлгийн байгууллагаар бичүүлсэн байх ёстой. Үүний дараагаар заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалагдах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгснөөр амаржсаны тэтгэмжийг тооцон олгодог. 

 

-Жирэмсний амралтаа аваад хүүхдээ өсгөж байх хугацаандаа дахин жирэмсэлсэн бол нийгмийн даатгалаас дээрх тэтгэмжийг дахин авах боломжтой юу?

- Боломжтой. Энэ тохиолдолд тэтгэмжийг бодохдоо өмнө бодож олгосон тэтгэмжийн дунджаас тооцон олгоно.

-Эхчүүд амаржсан байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах вий гэдэгт санаа зовдог. Тэгвэл энэ хугацааны шимтгэлийг аль тал хариуцдаг вэ?

-Жирэмсний амралттай байх хугацаанд даатгуулагч эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн ажил олгогч байгууллага нь сар бүр төлөх үүрэгтэй.

-Тэгвэл хувиараа буюу сайн дураар даатгуулагчийн шимтгэлийг төрөөс түр хариуцдаг гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл. Сайн дурын даатгалд хамрагдаж байсан эхийн жирэмсний чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн эх өөрөө хариуцдаг. 

-Ирэх оны эхний сард жирэмсний амралтаа авах гэж байгаа жирэмсэн эх ээлжийн амралтаа давхар тооцуулж авах боломжтой юу?

- Даатгуулагч эх жирэмсний амралт авахын өмнө тухай жилийнхээ ээлжийн амралтыг тооцуулан авах боломжтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.