Баянхонгорын засаг ноён “Спэйшл майнз”-ыг шантаажилж мөнгөний “уурхай”-тай болсон уу?

78

Нэгдүгээр хэсэг
 
Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь Цагаан цахирын үндсэн ордыг “Спэйшл майнз” ХХК ашигладаг. Цагаан цахирын үндсэн орд нь Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 60 км, Баян-Овоо сумаас баруун урагш 28 км-т оршдог.
Цагаан цахирын ордод 1960-аад онд Германы, 1990-ээд онд Японы хайгуулчид улсын хөрөнгөөр хайгуул хийж С1, С2 зэрэглэлд хамруулан алтны таамаг нөөцийг 7-14 тн гэж тодорхойлсон байдаг. Энэ ордын лицензтэй талбай нийт 1050 га-г хамардаг. Харин лицензийг 1990 онд “Баян газар” ХХК эзэмшиж байгаад 2009 онд “Чингис хаан гоулд” ХХК буюу одоогийн “Спэйшл майнз” ХХК-д шилжүүлжээ.
MV-006720, MV-006907 дугаар бүхий А лицензүүдийг эзэмшдэг “Спэйшл майнз” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүүхдүүдийнх гэдэг. Гэхдээ одоо тус компанийн хувьцааны ихэнх нь Английн хөрөнгө оруулалттай, уул уурхай, усан боомт, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дрилер капитал” компанид очжээ.
“Спэйшл майнз” ХХК өдгөө жилд 400 кг алтыг Цагаан цахирын ордоос олборлон авч байна.
Гэвч энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой таагүй мэдээлэл байнга гардаг. Тухайлбал, Баянхонгор аймгийн прокурорын газар 2014 оны есдүгээр сарын 10-нд цахим хуудастаа нэгэн сэрэмжлүүлгийг гаргаж байв. Түүнд “…Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын I багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт орших чулууны орд газарт ухсан нүхэн чулууны орд гэх цооног нүхэнд борооны ус нэвчин орсноос  22 настай “О” гэгч хүний амь нас хохирсон эмгэнэлтэй хэрэг гарлаа.
Хэрэг болсон шалтгаан нөхцлийг судалж үзэхэд уг нүхний ам нь борооны ус орох боломжгүй бусад нүхнээсээ өндөрлөг төвшинд байрласан байгаа хэдий ч хэргийн газрын үзлэгээр 50 метрын зайтай нүх рүү борооны ус урсан орж доогуур түнэлдэн ухсан нүхнүүдээр дамжин урсаж уг нүхний ханаар нэвчин орсон болох нь тогтоогдсон байна.
Иймд хур тунадас ихтэй байгаа зуны улиралд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол авч, бороотой үед газрын гүнд иргэдийг ажиллуулахгүй байхыг нөхөрлөлийн ахлагч нар болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд анхааруулж байна” гэж байлаа. Өөр бусад асуудал их бий.
Тухайн үедээ хэвлэлүүдээр шуугиад, тэгсгээд намдчихдаг байв.
Тэгвэл энэ байдал нь өнөө хэр хэвээр явж байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд л “Спэйшл майнз” ХХК-ийн Цагаан цахирын баяжуулах үйлдвэрт цианит алдагдсаны улмаас хоёр хүн хордож, уурхайд нь нэг хүн амиа алдсан байна.
Тодруулбал, 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Спэйшл майнз” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт шинэ далангийн ажил эхэлж, тэсэлгээний ажил явагджээ. Тэсэлгээний доргилтын улмаас цианитыг дамжуулах кноп ажиллаж халилт үүссэн байгаа юм. Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн дарга Т.Ариунболд “…Халилтын хэмжээний хувьд бол бага. Энэ тохиолдол бол үйлдвэрлэлийн явцад гарсан, халилт буюу асгаралт. Цианит хүрэх ёстой хэмжээндээ хүрээд насосоор дамжаад буцаад уусгалтын танк руугаа шилжсэн байгаа. Миний хувьд тухайн байдалд хий үүсэх онцгой нөхцөл байгаагүй гэж бодож байна” гэсэн тайлбарыг хийж байв.
Гэвч үүнээс болж үйлдвэрт ажиллаж байсан хоёр хүн хордлогын байдалтай Улаанбаатар руу хүргэгдсэн байдаг.
Харин хувиараа алт олборлогч нэгэн иргэн “Спэйшл майнз” ХХК-ийн лицензтэй талбайд уурхайн ослоор нас барсан байна.
Үүний дараа аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2018 оны гуравдугаар сарын 9-нд “Спэйшл майнз” ХХК-ийн Цагаан цахирын уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай 167 дугаар захирамжаа гаргажээ. Гэвч тус уурхай нууцаар ажиллаад байсан байна.
Энэ мэдээлэл аймгийн удирдлагуудад очиж, 2018 оны дөрөвдүгээр сарын 2-нд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж, аймгийн БОАЖ-ын газрын дарга Б.Бат-Өлзий нар Цагаан цахирын уурхайд очсон байна. Тэд Баяжуулах үйлдвэрийн бутлуурын төхөөрөмж, бусад тоног төхөөрөмжийг лацадсан байгаа юм.
 
 
2018 оны дөрөвдүгээр сарын 2-нд Баянхонгор аймгийн дарга нар Цагаан цахирын уурхайд очиж тоног төхөөрөмжүүдийг лацадсан байна.
 
Үүний өмнөхөн 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Баянхонгор аймагт ажиллах үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Б.Лхамсүрэн “…Энэ сарын 5-нд Цагаан цахирын уурхайд цианит алдагдсаны улмаас гурван хүн хордсон. Тэднийг би Улаанбаатар хот руу Хордлого судлалын үндэсний төвд хүргэж өглөө. Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнуудыг шалгасан билээ. Энэ шалгалтын дүнг одоо танилцуулах боломжтой юу”, хордсон иргэний ах “…”Спэйшл майнз” гэдэг компани цианит хэрэглэдэг юм байна. Ажлаа хийгээд бие эрүүл явсан сайхан дүү минь хордчихоод, наашлах, цаашлах нь тодорхойгүй хүнд байгаа” гэж асууж, бас хэл дуулгаж байв.
Энэ үеэр  тус аймгийн Засаг дарга Г.Батжаргал “…Гуравдугаар сарын 7-ны 18:00 цагийн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын алба, Цагдаагийн газраас “Цианитад хордсон байж болзошгүй гурван хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байна” гэсэн мэдээлэл өгсний дагуу дээрх гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг томилж ажиллуулсан.
Ажлын хэсэг 03:00-04:00 цагийн үед буцаж ирсэн. Гуравдугаар сарын 8-ны өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мэргэжлийн байгууллагаас шинжээч томилуулан, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдод, үйлдвэрийн орчинд хордсон байж болзошгүй талбайг тогтоох, хордлогыг саармагжуулж, хоргүйжүүлэх ажлыг компани болон бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулан зохион байгуулахыг Онцгой байдлын газрын дарга Т.Мөнхбаатарт, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөн болон технологийн горим алдагдсан эсэх, химийн хорт, аюултай бодис ашиглах, хадгалах үндсэн шаардлагыг хангаж буй, үгүйг шалган, тогтоож, илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор “Спэйшл майнз” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сарын 9-нөөс эхлэн зогсоох арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржид тус тус даалгасугай” гэсэн Засаг даргын 167 тоот захирамж гаргасан.
Энэ захирамжийн дагуу төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харамсалтай нь, тухайн хүмүүсийг цианитад хордсон эсэхэд маргаан гараад байна. Бид бол яах аргагүй цианитад хордсон гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтоох ёстой. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахгүй байгаа юм” гэж байлаа.
 
Үргэлжлэл бий.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.