Д.Оюунхоролыг яллагдагчаар татах санал хүргүүлсэн ч НПГ-ынхан шийдвэрлэсэнгүй

187

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг эрх мэдлээ урвуулж, хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт АТГ-ынхан яллагдагчаар тооцон, ажлаас нь түдгэлзүүлж шалгаж буй билээ. 

Энэ хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах саналаа АТГ-ынхан нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч буй аж. Тэднийг эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, “Гранд повер” гэх өөрийн үйлдвэргүй байсан компанид давуу байдал олгосон гэж буруутгаж буй. Шалгалтын явцад сайд асан Д.Оюунхоролыг яллагдагчаар тооцон шалгах гарцаагүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

Хилийн цэргийн 0151 дүгээр ангийг 2015 онд хийгээр ажилладаг зуухтай болгохын тулд “Гранд повер” компани 3050 м хийн хуванцар хоолой тавьсан байдаг бөгөөд түүнийг нь өдгөө ашиглах ч боломжгүйг шинжээчид дүгнэсэн. ТЭЗҮ-гүй, тооцоо судалгаагүй энэ ажилд нэг тэрбум 950 сая төгрөг зарцуулж, газарт булсан гэдэг. 

Утаа бууруулах нэрийдлээр албан тушаалтнууд хөрөнгө үрэгдүүлсэн энэ хэрэгт УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг НПГ-ынхан харамсалтай нь шийдвэрлэсэнгүй. Тус газрын эх сурвалжуудын мэдээлснээр улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж ямар нэг шийдвэр гаргахгүй байгаа сурагтай.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.