“Лавай" автобуудал нь Хан-Уул дүүрэгт шилжин байршлаа
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Өмнөговь, Дундговь аймаг чиглэлийн үйлчилгээ 2019 оны нэгдүгээрсарын 20-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэгт байрлах "ЛАВАЙ АВТО БУУДАЛ”-д шилжинэ. Иймд тус чиглэлүүдэд зорчих иргэд үйлчлүүлэгч та бүхэн "Лавай” шинэ автобуудлаар үйлчлүүлээрэй.
Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах үүднээс хот хоорондын зорчигч тээврийн "Лавай” автобуудлыг байгуулаад байна. Төв, Өмнөговь, Дундговь чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ "Лавай” автобуудалд шилжсэнээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж буй юм.
Шинэ авто буудал ньMNS 6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй,иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.
"Лавай" автобуудал нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварын урд буюу Бетон Арматур корпорацийн /БАК/ зүүн талд байрлалтай юм."Лавай” авто буудлын чиглэлд нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус хүрч үйлчилнэ.
"Лавай” автобуудал доорх 8 чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Үүнд:
1.Төв аймгийн Зуунмод сум
2.Дундговь аймгийн Сайнцагаан сум
3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сум
4.Дундговь аймгийн Сайхан-овоо сум
5.Өмнөговь аймгийн Даланзадгад сум
6.Өмнөговь аймгийн Гурвантэс сум
7.Өмнөговь аймгийн Цогтцэций сум
8.Өмнөговь аймгийн Цагаанхад баг
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ