А.Бямбасүрэн: Физик эмчилгээг таслахгүй гүйцэд хийлгэх нь чухал

666

 

"Эмч зөвлөж байна" буланд өнөөдрийн зочиноор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар Амбулатори №1-ийн сэргээн засах эмчилгээний эмч А.Бямбасүрэн уригдлаа.

 

  • Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Өөрийгөө болон сэргээн засах кабинетаа танилцуулаач?

Намайг А.Бямбасүрэн гэдэг. 1994 онд АУИС-ийн эмчилгээний анги төгссөн. 2007 онд сэргээн засах эмчилгээний мэргэжил эзэмшээд тус байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. СЗЭ-ний ахлах зэрэгтэй. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №1-ийн "Сэргээн засах кабинет” маань 1 эмч, 1 сувилагчтай ажилладаг бөгөөд БЗД-ийн 11 хорооны бүх насны хүмүүст үйлчлэх үүрэгтэй. Үүнд: БЗД-ийн 1,2,3,6,7,15,18,21,25,27-р хорооны иргэдэд үйлчилдэг.

  • Сэргээн засах эмчилгээний кабинетаар өдөрт хичнээн хүмүүс үйлчлүүлдэг вэ? Мөн үзлэг оношилгоог хэрхэн хийдэг вэ?

Манай кабинетаар өдөрт дунджаар эмчийн үзлэгт 25, эмчилгээнд 80 гаруй хүн үйлчлүүлдэг. Өрх болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлж онош тодруулж, шинжилгээ бүрэн хийгдсэн хүмүүсийг хүлээн авч, эмч үзээд эмчилгээнд хамруулдаг. Урьд нь ачаалал маш их, хүлээгдэлтэй ажилладаг байсан. ӨЭМТөвүүдэд зарим сэргээн засах тусламж үйлчилгээг хийдэг болсноор ачаалал буурч байгаа. 7-8 төрлийн аппаратыг физик эмчилгээнд ашиглаж байна.

  • Ямар өвчин эмгэгтэй хүмүүс сэргээн засах эмчилгээг хийлгэдэг вэ?

Сэргээн засах эмчилгээ нь бүх төрлийн өвчинд хийгдэнэ. Гэхдээ физик эмчилгээг хортой хоргүй хавдар, цусны өвчнүүд, идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, халуурч байгаа гэх мэт эсрэг заалттай учир хийдэггүй. Кабинетаар үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх хувийг хатиг, буглаа, бохирлогдсон шарх эзэлж байна. Энэ нь орчны бохирдол, хувь хүний дархлаа биеийн эсэргүүцэл сул эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй, эмэнд дасал болсон зэрэг шалтгаантай байдаг. Мөн хүзүү, нурууны мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний өвчлөл, гэмтэл бэртэл их тохиолдож байна.

  • Сэргээн засах эмчилгээний давуу талуудаас дурьдвал?

Сэргээн засах эмчилгээ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа салбар. Аливаа өвчин эмгэг, гэмтэл бэртлийн үед эмчилгээний хугацааг богиносгож, эдгэрэлтийг хурдасгах, өвчин бэртлийн үлдэц, архагшин тогтооход урьдчилан сэргийлэх зорилготой.

  • Эмчилгээ хийлгэж байгаа үед зайлшгүй барих ёстой гам гэж байдаг уу? Зөвлөгөө өгөөч.

Физик эмчилгээнд баримтлах нарийн гам гэж байхгүй. Эмчилгээг таслахгүй гүйцэд хийлгэх нь  чухал. Үндсэн өвчнийхөө хоол, хөдөлгөөний, ажил амралтаа зохицуулах дэглэмээ л баримтлах ёстой.

  • Өнгөрсөн оноос сэргээн засах кабинет амралтын өдрөөр төлбөрт эмчилгээ хийдэг болсон. Энэ талаар?

Манай кабинет нь үйлчлүүлэгчдэд үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор хагас сайн өдөр бүр 10-14 цаг хүртэл төлбөртэй ажиллаж байна. Үйлчлүүлэгчдэд нэг өдрийн эмчилгээ тасрахгүй байх нь чухал учир амралтын өдөр ажиллахад таатай байгаа шүү.

  • Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>