ЧИЛИ УЛСТАЙ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол, Чилийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Сантьяго хотноо болж өнгөрлөө.
Тус уулзалтын өмнө Чилийн Гадаад хэргийн дэд сайд Каролина Вальдивиа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын хүрээнд талууд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүхий л боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцжээ.
Мөн энэ үеэр Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр тал цаашид улс төрийн хүрээнд зөвлөлдөх механизмтай болов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр улсын Уул уурхайн яамд хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын үед байгуулах, чилийн тал мэргэжилтэн сургах, уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлсэн тухай болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ирсэн туршлагаасаа хуваалцах, хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог нэмэгдүүлэх, улмаар бизнес форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Түүнчлэн хоёр тал НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Зүүн Хойд Ази, Төв Ази, Латин Америкийн бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.