Ё.БААТАРБИЛЭГ САЙД АА, БСШУСЯ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨВ БИШ

30

Ё.БААТАРБИЛЭГ САЙД АА, БСШУСЯ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨВ БИШ

 

Сар шинийн баярын өмнө парламентын яаран гаргасан шийдвэрийн нэг бол БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг томилсон үйл явц байв. Тэр бол парламентад анхлан сонгогдсон олон нийт хийгээд боловсролын салбарт танил бус нэгэн юм. Шинэхэн сайдын хувьд МУИС-ийг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн. Харин ажилласан байдал бол маш төвөгтэй. Гадаад хэл, гадны улсуудад суралцаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн  хийгээд салбарт ажиллаж байсан туршлагын тухай ярих ч хэрэггүй. Тэр түүхч бус туслах, шадар туслахын ажлыг бол сайн хийж ирсэн нэгэн. Тэрбээр сургуулиа төгсөнгүүт Н.Багабандийн үеэс буюу 2002 оноос Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслахаар 2009 оны хүртэл ажилласан байдаг. Үүний дараа нэг жил 2009 онд буюу Т.Бадамжунайг ХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад сайдын зөвлөхийн албыг хашиж байгаад Архангай аймгийн Засаг даргын албанд сууж хоёр жилийг үджээ.

Тухайн үед буюу аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аавын "хаалга татаж", Ц.Нямдорж гишүүний хэлдэгээр “Шударга бус”-ын хонгилд сууж үзсэн эрхэм. Тодруулбал Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн өмнөхөн  Архангай аймгийн  Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг баривчилж цагдан хорьсон юм. Тухайн үед  Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасаас Ё.Баатарбилэгийг хахууль авсан нь тогтоогдсон хэмээн буруутгаж байв. Бүр тодотговол Ё.Баатарбилэг нь алт олборлогч компани хууль бус ажил үйлдэж буйг мэдсээр байж тэдний үйл ажиллагааг өөгшүүлээд зогсолгүй хувьдаа хэдэн саяар тогтохгүй авлига гэх мэдээлэл олон нийтэл хүрсэн юм. Гэвч асуудал тэгэсхийгээд намжсан. Ё.Баатарбилэгийг сэжигтнээр тооцон 30 хоног хорьсон байдаг. 

Харин энэ үйл явцын дараа хэсэг нам гүм байсан Ё.Баатарбилэг өнгөрсөн сонгуулиар Арханхангай аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларсан түүхтэй. Харин одоо БСШУСЯ-ыг тэргүүлэхээр болж байна. У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсан Ц.Цогзолмааг мөн л танхимыг нь огцруулах кноп дарсан Ё.Баатарбилэгээр солив. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг.  Иймээс ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт сэтгэл дундуур явсан Ё.Баатарбилэг танхимынхантайгаа гар нийлж ажиллах нь эсэх нь итгэл төрүүлэхгүй байна.

Угаас түүнийг  Т.Бадамжунай, М.Энхболд нарын халаасны хүн гэдэг. Иймээс М.Энхболд суудлаасаа буухдаа сайдын суудлыг түүнд өгөх бяцхан тохироо хийсэн тухай бор шувуу нисэж байгаа юм. Сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй улстөрийн карьеар хөөсөн тэр ийнхүү боловсролын салбарыг толгойлох болсонд олон хүн гонсгор байна. Түүнд улстөрийн туршлага байгаа ч толгойлох салбартаа бол шинэ хүн юм. Иймээс тус салбарынхан Ё.Баатарбилэг сайд БСШУСЯ-ыг сургалтын төвтэй андуураагүй байгаа гэх хошигнол хүртэл гараад амжиж. 
П.ГОО
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.