Ерөнхийлөгчийн цэргийн бодлогыг дэмжигч А.Ганбат ЗХЖШ-ыг удирдах уу
Зэвсэгт хүчний салбарт цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсантай зэрэгцэн Зэвсэгт хүчний жанжин штабыг удирдлагатай болгох асуудал сөхөгдсөн. ЗХЖШ-ын өмнөх дарга, дэслэгч генерал Д.Давааг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн Цэргийн бодлогын зөвлөхөөр томилох үүднээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд зарлиг гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Үүнээс хойш түүний оронд хүн томилоогүй бөгөөд цэрэг амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ЗХЖШ-ыг нэн даруй удирдлагатай болгохоор шийдэв бололтой.
Хуулиараа тус байгууллагын даргыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилох учиртай.Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргаар өөрийнх нь цэргийн бодлогыг дэмжигч бэлтгэл хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байна. Уг асуудлыг цаг алдалгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдгийг ч УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ирэх сарын дундуур товлогдсон ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.
Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ. Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.
Ийм арвин баялаг намтартай тэрбээр гэмт хэрэгт ч холбогдож байсан түүхтэй. Тодруулбал, ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ болон БНХАУ-д сурдаг хүүхдүүдээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж цалинжуулдаг байсан нь тогтоогдсон гэдэг. Гэхдээ тухайн үед уг хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Тэрбээр уг хэргээс шалтгаалан албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж захидал бичиж байв.
Тус захидалд “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэхэд байнгын дарамт шахалттай байлаа. 2009 онд зэвсэгт хүчинд гарсан бүх хэрэг зөрчлийг ганцхан надтай холбож Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийтгэж байсан бөгөөд эцэст нь албан тушаалаас чөлөөллөө. Эх оронд хэрэгцээтэй цагт өргөсөн тангарагтаа үнэнч байж зэвсэгт хүчиндээ эргэн ирж үүрэг гүйцэтгэхэд би бэлэн байна” хэмээн бичиж байжээ.
Тэгвэл түүнийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга зэвсэгт хүчинд буцааж авч ирэхээр болсон нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжсэнтэй холбоотой гэж тайлбарлах хүмүүс байна. Хошууч генерал А.Ганбат өнгөрсөн онд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулж, хөдөлмөр эрхлүүлэх тухай санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн удаатай.
Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэдэг бол албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа хэрэг биш. Албадан хөдөлмөр эрхлүүлэх гэдэг бол цалин өгөхгүйгээр шууд үүнийг хий гэж тушаахыг хэлнэ. Монголд байгаа төмөр замыг ЗХУ-ын цэргүүд тавьсан юм. Одоо Тавантолгойн төмөр замыг БНХАУ тавина гээд байгаа. Цэргүүд нь л тавина шүү дээ. Тиймээс цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэдгийг дэмжих хэрэгтэй” гэсэн байдаг.
Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН