2020 ОНД ГЭХЭД НИЙТ 100 СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИХ, ӨРГӨТГӨХ АЖИЛ ХИЙГДЭНЭ

261

2020 ОНД ГЭХЭД НИЙТ 100 СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИХ, ӨРГӨТГӨХ АЖИЛ ХИЙГДЭНЭ

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонслоо. Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн.

Хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр  2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх юм.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдлаа.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг  салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг санууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.