ТӨРСӨН ЭГЧИЙГЭЭ ГЭРТ НЬ ГАЛДАН ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ
Жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, залуухан бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогджээ. Талийгаач бүсгүй 27 настай. Түүний төрсөн дүү найзынхаа хамт эгчийнхээ хоолойг боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байдаг.
Галын улмаас дээд, доод хажуу талын дөрвөн айлын тагт галд өртөж, орц тэр чигээрээ утаа униарт дарагдсан.
Сэжигтэн Д.Батхуяг 20 настай, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгоор бүлэглэн бусдын амийг хөнөөсөн гэх хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Одоогоор уг этгээдүүдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан, шалгаж байна. Урьдчилсан мэдүүлгээр талийгаачийг хөнөөсөн хэргээ нуух зорилгоор гэрийг нь шатаасан гэж мэдүүлжээ.
Энэхүү хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гарагт 10.00 цагт болох тов гарчээ.
Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлж хөнөөсөн хэрэгт буруугтгагдаад байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.