Утаанаас салсан ч, хөрсний бохирдол хаяанд ирлээ

447

Хаврын урьтай золгож хамаг амьтны магнай тэнийж байна. Урин дулаан цаг ирж утаанаас нэг саллаа хэмээн нийслэлчүүд баярлах болсон. Гэвч дулаарахтай зэрэгцэн утаанаас дутахгүй гамшиг биднийг угтаж байна. Энэ бол нийслэлийн хөрсний бохирдол юм.

Ерөнхийдөө нийслэлчүүд улирлын чанартай гамшгийн хэмжээний бохирдолтой тэмцэж аж төрж байна. Хөрсний бохирдол агаарын бохирдолын нэгэн адил байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү болсон байна. Нийслэлийн хэмжээнд ил задгай автомашин угаалгын газраас эхлээд химийн хорт бодис ялгаруулдаг үйлдвэрүүд нь бараг төвдөө шахуу байрладаг зэрэг нь хөрсний бохирдол үүсгэх гол нөхцөл болдог. Мөн үүнээс гадна гэр хорооллын ил задгай 00, хог хаягдлаас хөрсний бохирдол бий болж буйг мэргэжилтгүүд ярьсаар л байгаа.

Улаанбаатар хотод жилд дунджаар 210-260 мянган тонн хатуу хог хаягдал үүсдэг байна. Мөн бохир усны цэвэрлэх байгууламжаар дамжин хоногт дунджаар 190 мянган метр куб бохир ус урсдаг. Дээр нь гэр хорооллын 184 мянган өрх түүхий нүүрс түлдэг бол нам даралтын халаалтын уурын зуух бүхий аж ахуйн нэгж 3200 орчим байдаг аж. Автомашины түлшний шаталтаас ялгарч буй химийн хорт нэгдлүүдийг 331564 машин ялгаруулдаг. Зөвхөн тоо, баримт дурдахад ийм.

Хөрсний бохирдолтой тэмцэх чиг үүрэгтэй байгууллагууд төрөл бүрийн л зүйл ярьдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд хүнд металл, алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна.

Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон худалдааны төвүүдийн орчимд аммонийн агууламж маш их, эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их гарсан гэж байна.

Тэгвэл хөрсийг бохирдуулж байгаа дээрх эх үүсвэрүүд хүний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг бол. Гэтэл хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг ойрын хэдэн жил судлаагүй гэнэ. Тиймээс мэргэжилтнүүд энэ жилээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд захиалга өгч, судалгааны ажил эхлүүлжээ. Ямартаа ч ирэх жилийн өдийд нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэх судалгаатай болсноор нийслэлийн иргэд хөрсний бохирдлоос үүдэн ямар өвчнөөр өвчилж байгаагаа мэдэж болох нь ээ.

ДЭМБ-ын судалгаанаас харахад жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдол арьс салстын үрэвсэл, суулгалт, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нь тодорхой байна.

Монгол Улсад ч тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь гэдэсний халдварт өвчнүүд байдаг. Тодруулбал, 2014 онд сальмонеллёз өвчнөөр 95, цусан суулгаар 2312, суулгалт халдвараар 162, цочмог А хепатитаар 325 хүн өвчилжээ. Үүний дийлэнх нь хүүхдүүд юм байна.

Тиймээс хөрсний бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй хийж эхлэхгүй бол хүн амын дундах халдварт нянгийн гаралтай, эмчлэгдэж болохгүй өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирна гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Үүний тулд төрийн нягт уялдаа холбоотой бодлого зайлгүй хэрэгтэй аж. Утаанаас илүү уршигтай хөрсний бохирдол гэх чимээгүй тахлыг хөндөх сэдэв болгон нийгмийн өмнө тавих цаг нь нэгэнт болжээ.

Хөрсний бохирдлын хорт нөлөө

  • Аммоний, фосфор-Гадаргын болон газрын доорх усыг бохирдуулдаг
  • E.Coli, Salmonelle- Гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, халдвартшар, балнад, урвах тахал
  • Малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз
  • Мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хялгасан хорхой, цагаан хорхой, өргөн туузан хорхой, хүж хорхой
  • Үхрийн болон гахайн туузан хорхой, сүрьеэ, амьсгалын замын өвчин үүсгэдэг.

Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж

  1. Угаадсаа ил задгай асгахгүй байх. Угаадас нь гэр хороолол амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг  хүмүүс орцныхоо гадаа хивс, автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.
  2. 1900-аад оны хоцрогдсон газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах. Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар дулааны улиралд ялаа зэрэг шавьж шавахгүй тав тухтай бие засах боломжтой.
  3. Хогоо ил задгай хаяхгүй байх. Ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаяж хэвшээрэй.
  4. Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх. Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг.
  5. Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж ус бохирлогдож байгаа учир ундны усаа баталгаатай газраас авах, усаа буцалгаж хэрэглэх, гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах шаардлагатай.
  6. Нэгэнт хөрсний бохирол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.

Б.Учрал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>