Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөдөр бол баярын гэхээсээ ухаарал, дүгнэлт эргэцүүллийн өдөр гэж би санадаг

717

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 12 дахь удаагийн чуулганаар “ажилтай, орлоготой” байх асуудлын хүрээнд ярилцсан юм.

Одонтой ээжүүдийн холбоо ТББ-аас энэхүү чуулганаас өмнө одонтой ээжүүдийн дунд судалгаа хийж үзэхэд:

  1. Төрийн болон хувийн хэвшилд ажилладаг боловч авч байгаа нь цалин нь хүрэлцээгүй.
  2. Хувиараа бизнес эрхэлж, ахуй амьдралаа авч явж байгаа боловч төрийн дэмжлэг хүрэлцээгүй, тэгш бус, шударга бус байна.
  3. Тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч байгаа боловч зээлийн хүү өндөр байгаа гэж одонтой ээжүүд хариулжээ.

Тиймээс энэ жил төр засгийн удирдлагуудыг эмэгтэйчүүдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсч, чуулганыг дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа.

Эрхэм дотнын эхчүүд, эмэгтэйчүүд ээ

Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Өнөөдөр бол баярын гэхээсээ ухаарал, дүгнэлт эргэцүүллийн өдөр гэж би санадаг. Энэ өдрийн уламжилж ирсэн хандлага, агуулга, эх үндэс ч ийм юм.

Монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, оролцоо ямар хэмжээнд байна, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хэрхэн хэрэгжиж байгаа зэргийг бид энэ өдөр тодорхойлон ярилцаж, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх талаар санал онолоо гаргаж, шаардах ёстой чухал өдөр юм.

Өчигдөр энэ танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор дээрх асуудалд чиглэсэн “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган болсныг ташрамд дурдахад таатай байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн хүрээний асуудлыг тодорхой задалж харвал:

  • Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
  • Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлсний байдал
  • Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, хүний наймаанд өртөж буй эсэх
  • Эмэгтэйчүүдийн боловсрол гэсэн асуудлууд эрэмбэлэгдэж байна. Эдгээрээс боловсролын асуудалд эмэгтэйчүүдийн эрх сайн хангагдсан гэсэн үнэлгээ тавьж болохоор байгаа бөгөөд дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байна.

Харин үлдсэн асуудлуудыг дунд болон дундаас доош түвшинд байна гэсэн үнэлэлтийг өгч болохоор нөхцөлд байгаа аж.

Миний бодлоор хамгийн тулгамдсан асуудал нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлс болоод байна. Ажилгүйдэл эрэгтэйчүүдийн дунд 56 хувь, эмэгтэйчүүдийн дунд 44 хувьтай байна. 2018 оны үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин 230 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Ялангуяа залуу ажиллах хүчний хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, залуу эрэгтэйчүүд залуу эмэгтэйчүүдээс 1.35 дахин илүү цалин авч байна.

Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтээрээ эрэмбэлэгдэн эхэнд жагссан 20 ажлын байрны ихэнх нь эмэгтэйчүүд хийж чадахаар ажлын байрнууд харагдаж байгаа ч ажил идэвхтэй хайж байгаа эмэгтэйчүүд цөөн байгаа нь эмэгтэй хүн гэр бүлдээ цагаа зарцуулах, ажил хийх гэсэн хоёр сонголтод ажлын байр нь давамгай нөлөө үзүүлэх чадваргүй байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс үүнд чадах, хүчрэх хэмжээгээрээ оролцох, нөлөөлөх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох талаар Америкийн Нэгдсэн Улстай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олон мянгаар нэмэгдэх учиртай юм.

Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг Олон улстай харьцуулсан үзүүлэлтийг харвал монгол эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийнхээ эдийн засагт оролцох түвшин харьцангуй сайн, эхний 20 улс дотор эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшилт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг үзүүлэлтээр бид харьцангуй сайнд тооцогддог юм байна.

Гэтэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс нэлээд доор буюу дэлхийн улс орнуудаас 107-д эрэмбэлэгдсэн байх юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байгаа нь эндээс харагдана.

Тийм учраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Монгол эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох тал дээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхийг улс төрийн намууд, шийдвэр гаргагчид, парламентын гишүүдэд уриалмаар байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор оролцсоноор гэр бүл, хүний хөгжил, нийгмийн асуудлуудад нухацтай, шийдэлтэй хандах боломж ихэсдэг нь практикаар нотлогдсон ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны золиос нь эмэгтэйчүүд болж байгаа явдал буурахгүй байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй ноцтой асуудлуудын нэг яах аргагүй мөн. Гэмт хэргийн хохирогчдын 70 хувь нь эмэгтэйчүүд болж, тэднийг хохироож буй гэмт хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд гарч байна. Гэр бүл салалтын шалтгааны 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл болж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх хэмжээ юм. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хязгаарлах тал дээр төрийн байгууллагууд нэн даруй тодорхой ажлуудыг эрх зүйн хувьд ч, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хувьд ч нэн яаралтай хийх шаардлагатай байна.

Монголын нийгмийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, тэнүүн жаргалтай гэр бүлд, ажилтай орлоготой сайхан амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстойг сануулснаар би үгээ төгсгөе.

Энэ танхимд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд мянга мянган иргэнээр хамгийн онцгой хувь нэмрийг оруулсан Алдарт эхийн одонтой 1000 орчим ээж Монгол орны маань өнцөг булан бүрээс хуран чуулсан байна. Энэ бахархалт хүмүүстэй 2008 оноос уламжлал болгон 12 дахь жилдээ баярын энэ өдөр учран золгуулж байгаа Одонтой ээжүүдийн холбоо, түүний удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг ахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн дор Монголын үрс маш олон болж, монгол эмэгтэйчүүд сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн, эрх жаргалтай байх болтугай” гэлээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>