Ажил хаялтад оролцохгүй байхыг Алжирын эрх баригч нам уриалжээ

389

Ажил хаялтад оролцохгүй байхыг Алжирын эрх баригч нам уриалжээ

 

Ажил хаялт болон эсэргүүцлийн ажиллагаануудад оролцохгүй байхыг Алжирын эрх баригч “Үндэсний чөлөөлөх фронт” нам ард иргэддээ уриалжээ.

“Эсэргүүцлийн ажиллагаануудад нэгдэхээс татгалзаж, шийдвэр гаргахдаа яарахгүй байхыг бид уриалж байна” гэж тус намын албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Мэдэгдэлд дурдсанаар, “Үндэсний чөлөөлөх фронт” нам улс орныг хямралын нөхцөл байдлаас бага хохиролтойгоор гаргах арга замыг улс төрийн хүчнүүдтэй хэлэлцэж байна. “Алжирын тогтвортой байдлыг хамгаалахын тулд  эсэргүүцлийн ажиллагаануудыг тайван явуулах зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Алжирын сөрөг хүчнийхэн болон иргэний идэвхтнүүд томоохон хэмжээний ажил хаялтад нэгдэхийг янз бүрийн салбарын ажилтнуудад болон пүүс, компаниудын удирдлагуудад нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан ням гарагт уриалсан байна.

Үүний дараахан нийслэл хотын олон дэлгүүр, үйлдвэрүүд үүдээ барьжээ. Ажил хаях уриалгад бусад хотын бизнес эрхлэгчид ч мөн нэгдсэн байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчидтой сэтгэл санаагаар хамт гэдгээ бас эрчим хүчний "Сонелгаз" болон "Сонатрак" компани мэдэгдсэн аж.

Алжирын одоогийн Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефликаг дахин нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн жагсаал нийслэл төдийгүй өөр бусад хотод хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн юм. Бутефлика 2013 онд цус харвасныхаа дараа тэргэнцэр дээр суудаг болж, муу ярьдаг болсон бөгөөд олны өмнө ховор гарах болсон байна.

Бутелфикаг дөрөвдүгээр сарын 18-нд товлосон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувиар бүртгэх баримт бичгийг Алжирын Үндсэн хуулийн зөвлөл энэ сарын 3-нд баталжээ.

Өдгөө 81 настай Бутефлика 1999 оноос хойш Алжирын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>