“Лалын улс”-ын командлалын цэгийг устгажээ

600

“Лалын улс”-ын командлалын цэгийг устгажээ

 

“Шийдэмгий шийдвэр” ажиллагаа явуулж буй АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчин Сирийн сүмд цохилт өгч, террорист “Лалын улс” бүлэглэлийн командлалын цэгийг устгажээ. Энэ тухай уг ажиллагааны штабын хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, нэгдүгээр сарын 17-нд өгсөн оновчтой цохилтын үеэр Сирийн Эс-Сафафия суурингийн сүмийн нутаг дэвсгэрт байрлаж байсан командлалын цэгийг устгажээ. ““Лалын улс” дайны хуулийг зөрчсөөр байгаа бөгөөд хамгаалалтад байдаг эмнэлэг, сүм зэрэг барилгуудыг ашиглаж байна. Үүний улмаас ийм объектууд статусаа алдаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсаас цэргээ татаж эхлэх шийдвэр гаргасан тухайгаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд мэдэгдсэн билээ. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүд тус улсад байсны цорын ганц зорилго байсан гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Америкийн албаны хүмүүсийн мэдээлснээр, 2000 гаруй цэргийг татахад 60-100 өдөр шаардлагатай. Үүний сацуу, тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дана Уайтын цохон тэмдэглэснээр, “Лалын улс”-тай тэмцэх кампанит ажил дуусаагүй бөгөөд “үйл ажиллагаа явуулж буй газар бүрд нь тус бүлэглэлийг бут цохихын тулд АНУ түншүүд болон холбоотнуудтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
“Лалын улс”-ын террористуудтай тэмцэх цэргийн ажиллагааг АНУ-ын эрх баригчид Иракт 2014 оны зургадугаар сард, Сирид мөн оны есдүгээр сард эхлүүлсэн билээ.
ВАШИНГТОН. /TASS/. 
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>