ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уучлалт гуйж попров

614

Сонгууль дөхөхөөр улс төрчид нэг л гэгээлэг, юм хийсэн бүтээсэн, энэ нийгмийн сайн сайхны төлөө дуугарсан хүмүүс болж хувирдаг. Гурван жил чимээгүй суухдаа тэд энэ өдрийг л /сонгууль дөхсөн хаврын сарууд/ төлөвлөж суудаг бололтой.

Гэнэт л ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн гэм буруутан гэгдэх хоёр хүн хилсээр гүтгүүлсэн гэж ярих болов. Хууль зүйн сайд хүн байж ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр сүүлд нь ийм мэдэгдэл яагаад хийх болов.

Түүний хэлснээр, хэлмэгдсэн хоёр иргэнийг шүүхээс гэм буруугүйг нь тогтоож суллатал эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ.

Ц.Нямдорж сайд үнэхээр л энэ хүмүүс хилсээр гүтгүүлж байна гэдгийг мэдэж байсан бол яагаад дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрэв? Одоо юунд иймэрхүү мэдэгдэл хийх болов?

Өмнө нь үзэгдэж харагдаагүй нэг шинэ үзэгдэл болсон нь тэрээр С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгч хэмээгдэн яллагдаж байгаа хоёр иргэний ар гэрийхнээс уучлалт гуйсан явдал байлаа.

Сонгуульт ажил нь ийм эрт эхэлсэн үү, эсвэл хаврын синдром гэдэг нь үү мэдэшгүй. Ямартай ч түүнд уйлах л дутуу байлаа.

Ер нь бол манай улс төрчид сайхан яриж л чадахаас биш шийдээд, хөгжүүлээд байх нь ховор хүмүүс бололтой.

Тэрээр “Би С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгтэй холбоотой асуудлаар жич мэдээлэл хийнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан хүмүүсийг яллахдаа 1937 онд ашиглаж байсан эрүүдэн шүүх ажиллагааг ашигласан. Би энэ асуудлыг анхнаас нь ярьж байсан.

Ингэхдээ хаврын синдром тусчихаад яриагүй юм шүү дээ. Айлын хашаанд хүний цогцос авч ирээд хаячихсан байхаар нь хүний нүдэнд ил ийм зүйл хийж байгаа хүмүүс далд үүнээс ч аюултай юм хийж байгаа гэж мэргэжлийнхээ үүднээс мэдэрсэн юм.

Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. ҮАБЗ мэдээллийг нь сонсох байх. Тагнуулын хоёр ажилтныг цагдан хорьсон. ТЕГ-аас ШШГЕГ-т томилогдож очоод энэ ажиллагааг зохион байгуулахад оролцсон нэг хүнийг хорьсон.

Би сайдаар томилогдоод “ТЕГ-т ажиллаж байсан ахлах дэслэгч цолтой хүн хурандаа цол авчихаад яахаараа ШШГЕГ-т удирдах алба хашдаг юм бэ” гээд ажлаас нь чөлөөлснийг санаж байгаа байх. Энэ хүнийг шалгаж байгаа. Цаашаа шалгалт үргэлжилнэ. Би энэ хэргээр ял сонсоод байгаа хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гэж би очсон юм. Аль аль нь 40 гаруй насны хүмүүс 20-25 жилийн ял авсан.

Ийм хэмжээний ял авсан хүмүүс шоронд тэснэ гэж байдаггүй юм. Ялангуяа чанга дэглэмд хоригдож байгаа хүн. Би тэр эмэгтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашдаа шүүх суллатал эмнэлэгт байлгаж байгаа гаргана гэж бодож байгаа. Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн. Одоо харин уучлалт гуйж байна.

Тэдэнд энэ хэргийг тохохын тулд аймшигтай аргуудыг хэрэглэсэн. Би энэ хэргийн төлөө тултал нь явна. Цаашдаа энэ хэрэгт хариуцлагагүй хандсан хүмүүс, шүүгчдийн асуудал сөхөгдөнө. Ер нь энэ хэрэг цаашдаа их хол явна” гэлээ.

М.Март

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>