Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдан, хэрэгжиж эхэллээ

662

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Хууль, хяналтын зарим байгууллага төр, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрхийг зөрчсөн томоохон хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь хуйвалдааны тогтолцоонд шилжсэн байгааг Ерөнхийлөгч хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсан билээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Энэ хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Хууль хяналтын байгууллага яргын машин болсон гэж ард түмэн ярьж байна. Хэрэг тулгахын тулд монгол залуугийн толгой дээр баас, шээстэй ус асгаж байхыг УИХ-ын гишүүд  бид харцгаалаа.  

Эмэгтэй хүний өрөөнд 4 удаа хүн амины хэрэгт холбогдсон, нүцгэн хоригдлыг шөнийн цагаар оруулж дарамталж байхыг харлаа. Хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаанд цогцос хаяжээ. Мөн жирийн залууг 6 хоног камерт нь зоджээ. Гар дээр нь суниалгаж, галуун цуваагаар алхуулсан байна.  

21 дүгээр зууны Монгол шүү дээ. Хоолонд нь мансууруулах бодис хольж, ухаан санаагаа алдсан гэх мэдээлэл ч байна. Ээжид нь хүн амины хэрэг тохохын тулд хүүхдийг нь цааш нь харуулсан байх магадлалтай. С.Зоригийн аллагын хэргийг хаахын тулд зориуд зохиомол хэрэг үүсгэсэн тагнуулын, цагдаагийн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын ажилтнуудыг үтэр түргэн өөрчлөх шаардлагатай. Бусдыг дарамтлан, эрүүдэн шүүж байгааг бид харсан. Энэ бүх алдаа, завхарлыг үгүй хийхийн тулд энэ хуулийн төслийг баталж буй юм” гэлээ.

 Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:  “Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд болж байна. Энэ аймшигт эрүүдэн шүүлт хийсний төлөө бид Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Сэжигтнүүдийг тамласан хүмүүст хуулийн хамгийн дээд ял хүлээх ёстой” хэмээв.

Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85-92.7 хувь хуулийн төслүүдийг дэмжиж, батлав. Дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>